ДУНДГОВЬ: "Бизнесийн хөгжил"-ийн асуудлаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-07 13:32:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн салбар, МҮХАҮТ-ын Дундговь дахь салбар хамтарч, "Бизнесийн хөгжил" сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр мэргэжлийн байгууллагуудаас ”Шинэ сэргэлтийн бодлого”, “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, бүртгэлийн байдал”-ыг танилцуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинчилсэн найруулга, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, татварын хуулийн өөрчлөлт, шинэчлэл ба практик хэрэглээ сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат аймгийн нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжил, цаашид бизнесийн орчныг сайжруулах зорилго, зорилтыг танилцуулсан. Тэрээр аймгийн ЗДТГ-аас орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй зах зээлд борлуулах зорилгоор “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр ажиллуулж, улсын чанартай уралдаан тэмцээнийг аймагтаа зохион байгуулах зэргээр бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд МСҮТ-ийн хичээлийн хуучин байрыг аймгийн Бизнесийн нэгдсэн төв болгох зорилгоор засварлаж байгааг танилцуулгадаа онцолсон юм. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, хэлтсийн дарга нар бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцжээ.  

Тодруулбал, хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, хөнгөлөлттэй зээлийн үнийн дүнг өсгөх, аж ахуйн нэгж байгууллагуудад тогтвортой ажиллах хүний нөөцийн бодлого, хувийн хэвшилд ажиллах иргэдийг сургаж, чадавхжуулахад төрөөс дэмжин хамтарч ажиллах, хувийн хэвшилд тогтвортой ажиллаж буй хүмүүсийг дэмжин  “Шилдэг үйлчилгээний ажилтан”-уудыг шалгаруулдаг байх зэрэг санал гаргасан юм. 

Холбоотой мэдээ