Индонезид “Хорийн бүлэг”-ийн уулзалттай холбогдуулан аюулгүй байдлыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-08 12:39:00

ЖАКАРТА. /NHK/. Бали аралд 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд Индонезийн цэрэг, цагдаагийн албаныхан 18 мянга орчим алба хаагчийг дайчлахаар төлөвлөж байна.


Индонез улс анх удаагаа зохион байгуулах гэж буй энэхүү уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа бол Японы Ерөнхий сайд Кишида Фүмио оролцохоор төлөвлөж байгаа ажээ.


Хоёр өдөр үргэлжлэх уулзалт эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байгаатай холбогдуулан Индонезийн 3700 орчим цэрэг, цагдаагийн ажилтан Бали аралд даваа гарагт ёслолын үйл ажиллагаа зохион байгуулжээ. Энэ үеэр аюулгүй байдлыг хангах хуягт тээврийн хэрэгслүүд болон дрон нэвтрэхээс сэргийлэх электрон төхөөрөмжүүдийг танилцуулсан байна.


Мөн дэлхийн улс орнуудын удирдагчид хүрэлцэн ирэх нисэх буудалд агаараас ажиглалт хийх Агаарын цэргийн алба хаагчид цуглажээ. Индонезийн Засгийн газар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хугацаанд замын хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, сургуулиудыг цахимаар хичээллүүлэн иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлана.


Индонезид энэ оны 10 дугаар сард хөл бөмбөгийн тэмцээний үеэр болсон үймээний улмаас 100 гаруй хүн амиа алдсан харамсалтай явдал гарсан юм. 

Холбоотой мэдээ