Г.Тэмүүлэн: Төсөвтэй холбоотой хуулиудыг сууриар нь өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-10 13:59:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар 2023 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, ирэх оны төсөв, цаашид түүнтэй уялдаатай хийгдэх ажлуудын талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн дараах тайлбарыг хийв.


Тэрбээр энэ тухайд "Сүүлийн гурван долоо хоногт УИХ-аас төсвийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажилласан. Маргааш гэхэд төсвийн тухай хуулиуд батлагдахаар байна. Ингэхдээ бид төсвийн алдагдлыг бууруулж, тэвчиж болох болон танаж болож зардлуудад ихээхэн анхаарлаа. Өнөөдөр эдийн засаг хүнд байна. Ирэх жил ч мөн ялгаагүй хүнд байх төлөвтэй байгаа тул төр өөрөө хариуцлага хүлээж, төсвийн зардлуудыг бууруулах, ялангуяа үйл ажиллагааны зардлаас хэмнэлт хийх ёстой гэсэн чиглэлийг баримталсан. Төрийн захиргааны байгууллагууд болоод яам, тамгын газар, агентлагийн зардлуудыг буурууллаа. Гэхдээ тэдгээр байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдын цалин, тэтэвэртэй холбоотой асуудал хөндөхгүй.


Мөн Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлуудыг хөндөхгүй. Яам, тамгын газруудын үйл ажиллагаанаас хэмнэлт үүсгэхээс гадна бусад гадаад зээлтэй холбоотой, түүнийг санхүүжүүлэхтэй холбоотой зардлуудыг бууруулсан. Төсвийн төсөлд тусгасан ТЭЗҮ, төсөл арга хэмжээний зураг зүй, зөвлөх үйлчилгээ зэрэг 90 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг 50 хувиар бууруулсан.


Үүний зэрэгцээ өнөөдөр төсвийн шинэчлэлийг зоригтойгоор хийх шаардлага үүсээд байна. Өнгөрсөн жилүүдэд төсвийн сахилга бат сул байснаас олон их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт гацсан. Зөвхөн энэ онд гэхэд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг дуусгаж байна. Гэтэл цаана нь магадгүй, 2024-2025 онд барилга, бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилт 2 их наяд төгрөгт хүрч мэдэхээр байна. Энэ нь төр өөрөө хариуцлагагүй байж, төсвийн сахилга батыг мөрдөөгүйгээс улбаатай. Иймд энэ сард багтаан төсөвтэй холбоотой хуулиудыг сууриар нь өөрчлөхөөр тогтож, шаардлагатай хуулийн төслүүдийн боловсрууллаа. Уг шинэчлэлийн ажлуудыг энэ ондоо багтааж зайлшгүй хийх болно” гэв.

Холбоотой мэдээ