Утга зохиолын салбарыг төрөөс анхаарч, бодлогын нэгдсэн зохицуулалт хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-11 10:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форумыг Үндэсний төв номын санд өчигдөр зохион байгууллаа.


Уран зохиол бол монголын нийгэм, соёл, түүхийн үндэс суурь учир дэлхийд уран зохиол судлалыг төрийн бодлогын түвшинд авч явдаг. Уран зохиолыг ард түмэн гэр бүл болох, хүүхдээ хүмүүжүүлэх, хувь хүний соёл, итгэл үнэмшил, үндэсний бахархлыг бий болгоход нөлөөлөх ёстой. Уран зохиолын ном бүтээлээр дамжуулан өөрийн итгэл үнэмшилтэй болж, өв соёлтой иргэн болж төлөвшдөг. Тиймээс төрөөс анхаарч, нэгдсэн бодлогын зохицуулалт хэрэгтэй гэдгийг форумд оролцогчид хөндөж байлаа. Мөн утга зохиол, ном, хэвлэн нийтлэгчид хамтран ажиллавал маш их үр өгөөжтэй гэдгийг салбарын төлөөллүүд онцлов.

“Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн агуулга багассан. Монгол хэлний хичээлийн цаг нэмэгдсэн. Тиймээс Элсэлтийн ерөнхий шалгалтад уран зохиолын хичээлийн асуултаас илүүтэй монгол хэлний асуултыг оруулдаг болсон. Гэтэл хүүхдүүд эх хэлээрээ ярьж чадахгүй байна гэдэг. Монгол хэлэнд монголын түүх, газар зүй, урлаг соёл, утга зохиол, дуу хөгжим тэр чигээрээ багтдаг. Тиймээс сурагчдад уран зохиолын ном бүтээлийг уншуулж, хөгжүүлэх цагийг нь нэмэхэд анхаарч, өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэдгийг доктор, профессор, судлаач С.Байгалсайхан тодотгов.


Редактор Ц.Оюунчимэг хэлэхдээ, “Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн хүмүүс мэргэжлийнхээ дагуу ажиллахгүй байгааг энэхүү форумаар хөндлөө. Театр, хэвлэл мэдээлийн салбарт утга зохиолын ажилтны орон тоо алга байна. Мөн ЕБС-иудад уран зохиолын хичээлийн цагийг багасган ихэнх цагийг монгол хэлний хичээлд зарцуулж байна. Мөн боловсролын салбарт агуулга боловсруулах шаардлагатай. Жилд 100 гаруй утга зохиолын ажилтан МУИС, МУБИС, СУИС-ийг төгсдөг ч ажлын байран дээр гарахаараа сэтгүүлч, редактор эсвэл бусад мэргэжлээр ажилладаг. Тиймээс энэхүү потенциалыг ашиглах хэрэгтэй гэсэн санал гарлаа. Хоёрдугаарт, утга зохиолын судлалыг шинжлэх ухааны түвшинд авч явахад хүндрэл үүсээд байгаа учир төрийн бодлогоор эрхзүйн нөхцөл боломжийг нь бүрдүүлэн дэмжих хэрэгтэй байна. Гуравдугаарт, утга зохиолын шүүмжлэл үгүй болсон. Чанарын хувьд унасан, багш шавийн барилдлагатай учир шавь нь багшийгаа шүүмжилж чадахгүй байгааг хүмүүс хэлж байна. Мөн хамтын ажиллагаа буюу зохиолчид хэвлэлийн газруудтай хамтран ажиллах, ном бүтээгчид, төрийн бус байгууллага болон төр хамтарч ажиллах хөрс суурь байхгүй байна. Үүний улмаас манай улсад агуулга бүтээж чадахгүй байгааг хурцаар хөндлөө” гэв.


Мөн тэрбээр утга зохиол, ном бүтээлийн салбарыг төрөөс дэмжих бодлого боловсруулахад баримтлах үзэл санааг нэгтгэх зорилгоор Соёлын яам, МЗЭ, “Номын соёлт ертөнц” ТББ, “Адмон” хэвлэлийн газраас хамтран нийт 12 удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага зохион байгуулсан. Эдгээр уулзалт, хэлэлцүүлэг нь утга зохиол, ном хэвлэлийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, талуудын оролцоог хангаж, тэдний саналыг тусгахад чиглэсэн. Эдгээрийг нэгтгэн бодлогын баримт бичигт тусгах, баримт бичгийн төсөл боловсруулах ажлыг “Номын соёлт ертөнц” ТББ-ын  “Редактор” клуб хариуцан ажиллаж байгааг хэллээ.

Монгол Улсад утга зохиол, ном хэвлэлийн салбарт 951 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 6457 хүн ажиллаж, 124.5 тэрбум төгрөгийн зах зээлийг бий болгож байна. Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрт хамгийн олон хүн ажиллаж байгаа бол цахим номын худалдааны чиглэлд 20 хүн ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ.  

Форумд утга зохиол, ном, хэвлэн нийтлэгчдийн 100 гаруй төлөөлөл тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

 

Холбоотой мэдээ