Цахим залилангаар 19 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-14 11:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллага энэ оны эхний 10 сард залилангийн 10.300 хэрэг бүртгэжээ. Үүний 88.2 хувь буюу 8056 нь цахим орчинд үйлдсэн байна.


Дийлэнх нь хохирогчийн гар утасны дугаарт фейсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлт илгээн хуурч мэхлэн, тухайн иргэний өмнөөс нүүр номын холбогдогч найз, танил хүмүүсээс мөнгө гуйн шилжүүлэх, зээлэх зурвас илгээн залилдаг байна.



Тиймээс цахим хэрэгсэл ашигласан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд өгөх, холбогдох байгууллагууд хамтран ажиллах зорилготой UNSEND-Бүү шилжүүлээрэй” гэсэн аяныг зарлаж буйг ЦЕГ, Монголбанкнаас мэдэгдлээ.


Аяныг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Цахим хөгжил, харилцаа хоблооны яам, Монголбанк, Монголын банкны холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.




Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэргийн мөрдөн шалтгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй болон Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


Цахим төрлийн гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байгаа нь дээрх насны иргэдийн цахим аюулгүй байдлын талаарх мэдлэг, боловсрол дутмаг байгааг харуулжээ. Иргэн өөрийн кибер аюулгүй байдлыг хангах, үүнтэй холбоотой гэмт хэргийг мэдээлэх үүрэгтэйг сануулж байна.


-Цахим залиланг анх голдуу манай улсад ирсэн гадаадын иргэд үйлдэж байсан. Одоо үйлдэгчдийн хэдэн хувь нь гадаадын хүмүүс байна вэ? Цагдаагийн байгууллага хараа хяналтад байлгаж чадаж байна уу?

алилангийн нийт гэмт хэргийн 5 хувийг гадаадаас залилуулж буй тохиолдол байна. Үлдсэн 95 хувийг дотоодоос үйлдсэн. Одоогоор залилангийн чиглэлээр 9 иргэнийг Интерполтой хамтран гадаадад эрэн сурвалжилж байна.


-Залилангийн хэргийг баримтжуулж, шийдэхэд цаг хугацаа алдаж байна гэсэн гомдол их байна?

-Цагдаагийн байгууллагаас байнга хянан ажиллаж байгаа. Хэргийн илрүүлэлт 52.9 хувьтай байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг технологийн тусламжтай үйлддэг учир цаана нь ямар хүн байгаа нь тодорхой бус байдаг. Нууц байдаг учраас тэр бүхнийг илрүүлэхэд цаг хугацаа алддаг тал бий.



Залилах гэмт хэргээр нийт 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 799.3 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсөн байна. Цахим залилангаар 2022 оны эхний 10 сард 19 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.


Цахим залилангийн гэмт хэргийг маргаантай гүйлгээ болон ажил үйлчилгээний хөлс зэргээс ялгах шаардлага гардаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааг удаашруулдаг. Цагдаагийн байгууллагаас хохирлын дүн бага байхаас үл хамааран мөрдөн шалгадаг. Сүүлийн үед бага дүнтэй олон хохирогчтой гэмт хэрэг их бүртгэгдэж байгаа.


-Цахим залилангийн хэргийн арга, хэлбэр улам нарийсч байна гэсэн. Үүнийг тодруулна уу?

-Өмнө нь мессэж бичээд, нууц үгийг нь авдаг байсан. Эсвэл урьдчилгаа төлбөр хэлбэрээр залилдаг байсан бол одоо хуурамч дуудлага хэлбэрээр "Банкнаас ярьж байна. Та нууц дугаараа өгнө үү. Таны нууц дугаарыг сэргээх гэж байна" гэсэн байдлаар холбогдох болсон. Нөгөө талаас урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусад руу мөнгө шилжүүлж, залилуулж буй тохиолдол түгээмэл гарч байна.


Тиймээс иргэд маш болгоомжтой, хувийн мэдээллээ өгөхгүй байх, дээрээс нь бие биеийнхээ цахим хэрэгслийн аюулгүй байдалд шаардлага тавих нөхцөл байдал үүсч байгааг иргэддээ сануулья. Мөн хэргийн хүрээ аймаг, орон нутаг руу их чиглэж буйг анхааруулья.


-Аяны хүрээнд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-ЦЕГ-аас арилжааны бүх банк болон холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Банкны данстай холбоотой хэргийн талаар хамтарч ажиллаж бүх мэдээллийг цахимаар хурдан шуурхай авч мөрдөн шалгах, баримтжуулах ажилагааг түргэсгэнэ. Ийм шаардлага гарч ирсэн. 

Холбоотой мэдээ