Чингис хаан судлалтай холбоотой 300 гаруй жилийг хамарсан ном, бүтээлийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-22 09:57:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан 1710-аад оноос өдийг хүртэл 300 гаруй жилийг хамарсан Чингис хаан судлалтай холбоотой хэвлэгдсэн ном, товхимлуудыг Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд дэлгэлээ.


Монголын Дипломатын академитай хамтран зохион байгуулж буй “Алтан цуглуулбар-999” номын үзэсгэлэнд Чингис хаан, түүний залгамжлагчид, Монголын эзэнт гүрний түүхэд холбогдох 19 орны 23 хэлээрх 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулж байна.


Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон Монголын Дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд Элчин сайдаар суух хугацаандаа суугаа орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс Эзэн Богд хааны 860 жилийн ойн соёрхол болгож, 860 ном бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой.


Тухайлбал, 1710 онд хэвлэгдсэн Францын эрдэмтний Чингис хааны намтар судлалаар гарсан ном хамгийн анхны бүтээлд тооцогдож байна.


Үндэсний төв номын сангийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв хэлэхдээ, “Чингис хааны түүхэнд холбогдох “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, Шаштирын чуулган буюу Рашид аддины Судрын чуулган бүтээл гол түүхэн сурвалж бичиг юм. Мөн “Алтан товч” бол Монголын нууц товчоотой 80 хувь нь таардаг. Монгол хэлээр олдсон Чингис хааны түүхтэй холбоотой гол сурвалж бол “Алтан товч” юм. “Алтан товч”-ийг 1926 онд Судар бичгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Онходын Жамъян гүн Дорнод аймгаас Дарь тайж гэдэг хүнээс эх хувиар нь олж авсан. Энэ бол Онходын Жамъян гүний гараар бичсэн хуулбар хувь юм. Үндсэн “Алтан товч” Чингис хааны музейд бий” хэмээв.


Монголын Дипломатын академийн гүйцэтгэх захирал Х.Бэхбат, "Чингисийн сэдвээрх ном хэмээх оршихуйн бүхий л төрөл зүйлийг агуулсан ийм цуглуулга тал бүрийн ач холбогдолтой нь ойлгомжтой. Монголын төдийгүй дэлхий дахины дэвшилд Чингис хааны оруулсан нөр их хувь нэмрийг шинжлэх ухаанчаар танин мэдэх, алдар гавьяаг нь уламжлан мөнхжүүлэх үйлсэд ийм л цуглуулбар үйлчлэх учиртай. Их хааны тухайд даяараар хуримтлагдаж ахуй мэдлэгийн тэр арвин сан нэг дор эмхэрснээр цаашдын хөгжлийнх нь бат суурь болж, монгол түмний мэргэн ухаан дэвжсээр, олон улсын Чингис судлал дэлгэрсээр байх юм. Эзэн чингисийн тухай ном зохиол бүр сургамж айлдаж, ухаарлыг дагуулах агаад хүн төрөлхтний түүхийг монгол морины туурайн адил тамгалсаар байна” гэв.


Энэхүү үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд үнэ төлбөргүй гарах юм. 
















Холбоотой мэдээ