ДУНДГОВЬ: "Бизнесийн хөгжлийн төв"-ийг энэ онд багтаан ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-29 20:39:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг нэг асуудал нь ажлын байрны асуудал байдаг.

Тодруулбал, тус аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувь нь өөрийн гэсэн ажлын байргүй, гэрээр болон зориулалтын бус байранд үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхэлдэг, өндөр түрээс төлдөг байна.

Тиймээс “Хүний хөгжлийг дэмжих” жил буюу 2022 онд аймгийн ЗДТГ-аас МСҮТ-ийн хуучин байрыг засварлаж, орон нутгийн ”Бизнесийн хөгжлийн төв” байгуулахаар шийдвэрлэн ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар уг асуудлыг шийдвэрлэж байгаа аж.

Тус барилгын засварын зураг төслийг "Төсөв төсөл" ХХК гүйцэтгэж, засварын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 542,6 сая төгрөгийн санхүүжилтээр "Ашид бьюлдинг" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 75,0 хувьтай байна.



Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат засварын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанид зураг төсвийн дагуу засварын ажлыг чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийн хугацаанд анхаарч, ажлын явцыг хурдасгах талаар зөвлөмж өгч, харин хяналт тавьж ажиллахыг аймгийн ГХБХБГ-т үүрэг болгожээ.

МСҮТ-ийн хуучин барилга нь 2 жил гаруй хагацаанд ашиглаагүй, эзэнгүй байсан тул инженерийн шугам сүлжээ нь хөлдөж хагарсан, дээвэр элэгдэж муудсан, хаалга цонх хагарч гэмтсэн байсан юм. Энэхүү төвийг 2022 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ба тус төв ашиглалтад орсноор жижиг дунд бизнес эрхлэгчид өөрсдөө ашиглалтын зардлаа хариуцан түрээс төлбөргүйгээр, ашиглах боломж бүрдэх ажээ.



Холбоотой мэдээ