“COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлого хэрэгжүүлэхээ зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-11-30 14:51:45

ВАШИНГТОН. /Reuters/. Twitter” нийгмийн сүлжээний компани “COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлогоо хэрэгжүүлэхээ зогсоохоор болсноо мэдэгджээ. Ингэснээр Хятад тэргүүтэй дэлхийн олон оронд халдварын тохиолдол дахин нэмэгдэх болоод байгаа энэ үед буруу ташаа мэдээлэл тархах эрсдэл нэмэгдэж магадгүй байна.


Twitter”-ийн шинэ эзэн Илон Маск компанийнxaa ажилтнуудын тэн хагас орчмыг, тэр дундаа контентын зохицуулалт хариуцсан ажилтнуудыг ажлаас нь халсантай холбоотойгоор буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх чадамжид нь олон нийт эргэлзэх болоод байгаа үед дээрх шийдвэрийг гаргажээ.


“2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн “COVID-19”-тэй холбоотой буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлэхгүй” гэж “Twitter” компанийн цахим хуудсанд нийтэлсэн байна. Энэ талаар “CNN” телевиз мягмар гарагт хамгийн эхэнд мэдээлжээ.  


Twitter” цаашид ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар тодруулах хүсэлтэд компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байна.


COVID-19” цар тахал 2020 онд дэгдэж эхлэх үеэс “Twitter” дэлхий нийтэд нүүрлээд буй эрүүл мэндийн хямралын талаар маргаантай мэдээлэл агуулсан жиргээнүүдэд таних тэмдэг тавих, анхааруулга хүргүүлэх зэргээр олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн юм.


“Meta” компанийн “Facebook” нийгмийн сүлжээ, “Alphabet” компанийн “YouTube” платформ ч мөн төстэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд одоог хүртэл мөрдсөн хэвээр байгаа юм.


Америкийн тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг 10 дугаар сарын 27-ны өдөр 44 тэрбум ам.доллароор худалдан авснаасаа хойш бүтээгдэхүүн, ажилтнуудтай холбоотой олон өөрчлөлтийг санаачлан хэрэгжүүлжээ. Тэрбээр 10 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэхдээ, нийгмийн сүлжээний контентыг зохицуулах “олон янзын үзэл бодол бүхий” зөвлөлийг байгуулна гэсэн байна. 

Холбоотой мэдээ