С.Одонтуяа: Хуралдаандаа суудаггүй гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-12-01 11:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж гишүүдийн ирц бүрдүүлэлтийг хангах, нутгийн өөрөө удирдах ажиллагаанд халдахгүй байхыг шаардаж үг хэлсэн юм.


Тэрбээр үүний дараа УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд сэтгүүлчдэд хандаж, дээрх  асуудлаар дахин мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүдээс хамгийн нэн тэргүүний гэх хуулиудыг эрэмбэлэн хэлэлцэх ёстой. Ингэхдээ хууль тогтоолын төслүүдийг ирц өндөртэйгээр, мэтгэлцээн өрнүүлж, алдаа мадаггүй хэлэлцэх үүрэгтэй. Гэтэл УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байна. Иймд МАН-ын дарга УИХ-ын чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй. 


Мөн Ерөнхий сайд орон нутгийн өөрөө удирдах ёс, тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг уландаа гишгэж байна. Саяхан Архангай аймгийн ИТХ хуралдаж, Засаг даргаа сонгосон ч Ерөнхий сайд ямар ч үндэслэлгүйгээр буцаасан байна. Өнөөдөр тус аймагт зудын эрсдэл нүүрлэж байна. Дизель түлш тасалдаж байна. Аж ахуй нэгжүүд үүд хаалгаа барьж байна. Ард түмний дунд анхаарал татсан асуудал их байна. Ерээд оны эхээр нүүрсний хулгайчид гэх иргэд шуудай нүүрс хулгайлж, амьжиргаагаа залгуулдаг байсан бол одоо цагт эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж хулгай хийж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Иймд АН-ын зүгээс энэхүү асуудал дээр хатуу шаардлага тавьж ажиллах болно" гэлээ.


Холбоотой мэдээ