Монгол Улсын Ерөнхийлөгч Японы Эзэн хаанд бараалхлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Jiji Press/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Японы Эзэн хаан Нарүхито, хатан Масако нарт Токио хот дахь Эзэн хааны ордонд пүрэв гарагт бараалхлаа.
Эзэн хааны ордны
хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, Нарүхито 30 минутын турш үргэлжилсэн
уулзалтын үеэр Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд
тохиож байгааг цохон тэмдэглээд, “хоёр орны найрсаг харилцаа улам хөгжинө
гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсний сацуу Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад
айлчилж байгаад талархал илэрхийлжээ”.
Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн
ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Эзэн хаан, хатанд бараалхаж байгаадаа баяртай
байгаагаа илэрхийлсэн байна.
Эзэн хаан
Нарүхито 2007 онд угсаа залгамжлах хунтайж байхдаа Монгол Улсад айлчилж байсан
талаар Ерөнхийлөгч мөн дурдаад, энэхүү гайхалтай айлчлалын талаар Монголын ард
түмэн одоо ч дурсан ярьдаг гэдгийг тэмдэглэжээ.
Пүрэв гаргийн
орой Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний
гэргий нарын хамтаар Монгол Улсын морин хуурын чуулгын тоглолтыг үзэж сонирхов.
Эзэн хаан Монгол Улсад айлчлах үеэрээ тус чуулгын уран бүтээлчидтэй хамт хийл
хөгжим тоглож байсан билээ.