“Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд МУИС менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-01 15:47:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Энтрепренеруудын нэгдсэн чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургууль зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Хүнс үйлдвэрлэлийн бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвээр “Хүнсний аюулгүй байдал-Эрүүл монгол хүн” уриан дор боллоо.


Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяраас тодрууллаа.






Тэрбээр хэлэхдээ, “Бид Энтрепренеруудын нэгдсэн чуулганыг гарааны бизнесийг хамтын ажиллагаагаар хөгжүүлж эко орчныг бүрдүүлэх чиглэлээр зохион байгуулдаг. Энэ жил бизнес, эдийн засгийн тодорхой салбараар төрөлжүүлэн, тодруулбал, хүнсний салбарын чиглэлээр хийж байна. Эндээс хүнсний салбарт бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрийг бий болгох зорилготой, хүлээж буй үр дүн энэ юм" гэж тодотгов.




МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал, дэд профессор Ө.Гэрэлт-Од хэлэхдээ, "Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарт 19 бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд хүнсний үйлдвэрүүдийг бизнес загвараар, кластер хэлбэрээр хөгжүүлэх шаардлага бий болсон. ХХААХҮЯ-наас бидэнд ирүүлсэн мэдээллээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт бүртгэлтэй 504 аж ахуйн нэгж хүнсний салбар үйл ажиллагаа явуулж байна.


Өнөөдрийн чуулганыг хүнсний үйлдвэрлэгч нар эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бизнес загварыг хамтдаа боловсруулах, бизнесийн хөгжүүлэлтэд МУИС өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулав.




Эдгээр ААН-тай уулзаж ярилцаж байхад технологийн хувьд жигдрээгүй, удирдлагын чиг үүргийн хуваарилалт болон менежмент дутагдаж байна. Үүнээс болж үйл ажиллагаа нь доголдож буй байдал ч байна. Энэ нь хүнсний технологи, үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь анхаарахаар асуудал болж байгааг судалгаа харуулж байна. Тиймээс МУИС-ийн Бизнесийн сургууль болон Бизнесийн төв менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ажиллана гэв. 



Өнөөдөр төр, засаг, их, дээд сургуулиуд, бизнесийн байгууллага, үйлдвэрүүдэд нийгмийн хамтын ажиллагаа зайлшгүй чухал болж буйг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх эрдэмтэн Д.Бадарч өнөөдрийн чуулганд онцолж байв. Их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нарын судалгаа, шинжилгээний үр дүнд гарсан технологийн шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар хүнсний салбарт хэрэгжүүлэх шаардлага тавигдаж буйг тэрбээр хэлсэн юм.


Мөн Монгол Улсад эрдэмтэн, судлаач нар нь байна. Өндөр үзүүлэлт гаргах тоног төхөөрөмж бүхий лабораториуд бэлэн, нөхцөл боломж нь бүрдчихлээ. Тиймээс “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн шиг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй том төсөл хөтөлбөрт их, дээд сургуулиудынхаа эрдэмтдийг оруулж, судалгаа, шинжилгээг нь тэднээр хийлгэж байгаа нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй байна гэсэн юм. 

Холбоотой мэдээ