ХОВД: 150 иргэнийг мэргэжилтэй ажилтнаар бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-05 10:51:17

Ховд /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан "Хөдөлмөрт бэлтгэх" хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн 150 иргэнийг мэргэжилтэй ажилтнаар бэлтгэж байна

Улсын болон орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүйгээр ажилгүй болон зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэднийг байнгын болон түр ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий олон төрлийн үйлчилгээ, арга хэмжээ, хөтөлбөрүүдийг үе шаттай батлан, хэрэгжүүлж байгаа.

Үүний нэг бол "Хөдөлмөрт бэлтгэх" хөтөлбөр юм.


Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, "Хөгжил" политехник коллежтой хамтран Мэргэжил олгох сургалт”-ыг 21 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Сургалтад үсчин, гоо засалч, маникюр, оёдолчин, эсгий урлал, худалдагч касс, хүнд машин мeханизмын оператор, тогооч гэсэн 8 мэргэжлийн дагуу 150 хүнийг хамруулж байгаа бөгөөд мэргэжлийн багш нар ийнхүү анхан шатны мэдлэг, мэргэжлийн зохих ур чадварыг эзэмшүүлж байгаагаараа онцлогтой. 

Эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хөдөлмөрт бэлтгэх, мэргэжил олгох зорилготой энэхүү сургалтын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж хэвшжээ.

Өдгөө сургалтад хамрагдаж байгаа иргэд өөрсдийн хийсэн бүтээлээ олон нийтийн хүртээл болгох бөгөөд цаашид сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогоо нэмэгдүүлнэ.  

Энэхүү сургалт орон нутагтаа богино хугацаанд чанартай мэргэжил олгож, чадамжийн гэрчилгээтэй төгсгөх аж. Одоогийн байдлаар сургалт 12 дахь өдрөө үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ