Цэцэрлэгт 126 мянга гаруй хүүхэд хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-12-05 11:37:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилд 106 254 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бол цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар 126 312 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.


Тодруулбал, бэлтгэл ангид 33 440, ахлах ангид 34 288, дунд ангид 32 553, бага ангид 26 031 хүүхэд тойргийн болон тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

 

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ хичээлийн жилд e-mongolia.mn цахим системээр гурван үе шаттай зохион байгуулсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 8, 9, 10 дугаар сард цахимаар авч, бүртгүүлж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчдад боломж олгохоос гадна цаг хугацаа хэмнэжээ.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт 647 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 15 308 багш, ажилтан ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухайд нийслэлийн 7 дүүргийн 155 хүүхэд харах төвд 345 хүүхэд асрагч 1776 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Цаашид нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлыг эрчимжүүлсээр байх бөгөөд хүүхдэд ээлтэй орчин, чадварлаг багш, чанартай сургалт, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.

 

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлэхдээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах, түрээслэх, удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх, байгууллагын цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулахыг дэмжих, хувийн цэцэрлэгийн сул оронд тоонд нэмэлт элсэлт авах, цомцог гэр төсөл, хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллажээ




Холбоотой мэдээ