"E-school” боловсролын нэгдсэн платформыг 40 сургуульд нэвтрүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-12-05 15:37:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг цахим шилжилтийн хүрээнд хийж буй ажлуудын явцыг танилцууллаа.


Тэрбээр, “Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна. RFID системийг комисс хүлээн авахаар ажиллаж байгаа, угсралт суурилуулалтын ажил дууссан. “E-school” боловсролын нэгдсэн платформыг 40 сургуульд нэвтрүүлж, яамтай интеграци хийх ажил эхэлсэн. Ажил 90 хувьтай үргэлжилж байна. 40 сургуульд 5000 гаруй албан хаагч, 110 мянга орчим сурагч хамрагдахаас 89 мянга орчим карт тарааж, 66 мянган эцэг, эх аппликэйшн татсан, 36 сургууль платформоо суулгаж, сургалт хийсэн. Хэсгийн ахлагчийн систем бэлэн болсныг өнгөрсөн амралтын өдөр танилцуулахад сэтгэгдэл өндөр байсан. Камерын системийг хүлээн авах ажлыг эхлүүлсэн. Арванхоёрдугаар сарын 15 гэхэд Улаанбаатар хотод хамгийн сүүлийн үеийн камерын системийг нэвтрүүлж эхэлнэ. Товчоодын систем жигдэрч, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш дөрвөн товчоогоор 428 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнээс орон нутгийн 48 мянган тээврийн хэрэгсэл байсан. Мөн зөрчилтэй 33 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна” гэлээ.


Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлд ерөнхий боловсролын 158 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёр жилийн хугацаанд бүх сургуулийг цахим системд холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд дөрвөн цахим платформ нийслэлийн сургуулиудад хэрэгжиж байна” гэх мэдээллийг удирдах ажилтнуудад өгсөн юм. Хотын дарга цахим шилжилтийн ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.

Холбоотой мэдээ