Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-26 14:07:47

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг дээр очиж цэцэрлэгийн бүртгэлийн сонгон шалгаруулттай танилцлаа.

Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж бага  байгаагаас жилийн жилд цэцэрлэгийн асуудал хэл ам дагуулдаг. Тиймээс нийслэлийн  Засаг дарга  захирамж гарган, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг  нээлттэй явуулж, олон нийтэд ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг  болгосон юм. Үүний дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн энэ сарын 22-ноос эхлэн бүртгэл хийж, "Элсэлтийн тасалбар" тараасан билээ. Өнөөдөр энэхүү тасалбараар сугалаа сугалах журмаар сонгон шалгаруулалт явуулж байгаа юм.

Ирэх жилээс цэцэрлэгийн бүртгэлийн цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга хэлээд, “Энэ жил цаг хугацааны давчуу байсан тул оновчтой шийдэл гаргах боломж байгаасан. Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас бид сугалаа сугалах хэмжээний хүндрэлтэй тулж байна. Тиймээс сургуул, цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх ажлыг бид тасралтгүй хийнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ямар л нөөц боломж байна Бид түүнийг дайчлан, боломж, гарц хайн ажиллах болно” хэмээв.

Цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдээ үргэлжлүүлэн суралцуулах бөгөөд энэ жил  2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг шинээр элсүүлж байгаа юм. НЗДТГ, Нийслэлийн боловсролын газраас сугалааг шударга явуулах үүднээс, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэс хамтран зохион байгуулж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ