БАЯН-ӨЛГИЙ: Хоршоо хөгжүүлэх сангаас 275 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-06 14:17:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын Хоршоо хөгжүүлэх сангаас 11 дүгээр сарын байдлаар 275 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.


Хөнгөлөлттэй зээлд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 3 хоршоо, 10 компани, 25 иргэн хамрагджээ.


Үүнд сүү, цагаан идээний чиглэлийн 8, махны чиглэлийн 6, жимс, хүнсний ногооны 3, мужаан, тавилгын үйлдвэрлэлийн 3, авто засварын 3, цементэн тоосго, блок үйлдвэрлэх 3, талх, нарийн боов, хэрчсэн гурилын 3, оёдлын 2, төмөр эдлэлийн үйлдвэрийн 1, тахианы аж ахуйн 1 төсөлд санхүүжилт олгосон. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 3-10 сая төгрөгийн хооронд байна.


Тус санг улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор байгуулсан. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 361 тоот тушаалаар "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ыг баталсан.


Журамд зааснаар дээрх сангаас хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон иргэнд хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3 хувь, хугацаа нь 60 хүртэл сар байна. Харин зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болох ажээ. 

Холбоотой мэдээ