ДУНДГОВЬ: Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг "тодорхой үр дүнд хүрсэн" гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-06 15:14:24
altantogos

Дундновь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг хэлэлцээд хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 100 хувийн саналаар “тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэлэв.

2022 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжил, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Орон нутгийн хөгжил гэсэн 6 бүлэг, 19 салбарын 13 зорилго, 46 зорилт, 214 үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжилтийн явцыг 11 дүгээр сарын байдлаар танилцуулсан.

Төлөвлөсөн ажлуудаас “бүрэн хэрэгжсэн” буюу 100 хувийн биелэлттэй 34 зорилт, 147 үйл ажиллагаа, “тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70-99 хувийн гүйцэтгэлтэй 4 зорилт, 22 арга хэмжээ, “эрчимжүүлэх шаардлагатай” буюу 31-69 хувийн гүйцэтгэлтэй 2 зорилт, 8 арга хэмжээ, үр дүнгүй буюу “0” хувьтай 5 зорилт, 28 арга хэмжээ байна.

Монгол Улсын Засгийн газрын “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх” нийтлэг журмын дагуу үнэлэхэд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр дэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 88,5 хувь, жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт 82,8 хувьтай үнэлэгджээ.

“0” хувьтай үнэлэгдсэн буюу хэрэгжээгүй ажлуудын тухайд боловсрол, хөдөлмөр халамж, соёлын салбар болон Цагдаагийн байгууллагын хэрэгжүүлэх барилга байшин шинээр барих зарим ажлууд Төсвийн тухай хууль, төрийн хэмнэлттэй холбоотойгоор тасалдсан байна.

ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын 2 дугаар сургууль, аймгийн Ахмадын хорооны барилга зэрэг ажил удаашралтай байгааг онцолж, эдгээр барилгын ажлын хөрөнгө оруулалтын төсөв ирэх 2023 онд суусан эсэхийг тодруулахад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “2023 онд 32 нэр төрлийн ажлыг гүйцэтгэхээр 33,4 тэрбум төгрөг улсын төсөвт суусан. Энэ хөрөнгө оруулалтаар шинэ барилга байшин барихгүй, хуучин 138,3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй дээрх барилгуудыг дуусгана” гэсэн тайлбарыг өглөө.

Хурлын төлөөлөгчид аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээлэлтэй холбоотой асуудлаар Засаг дарга Ц.Мөнхбатаас асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай тогтоолын төслийг танилцуулж, хуралд оролцсон төлөөлөгчид 100 хувийн саналаар баталсан юм. 

Холбоотой мэдээ