Хөрөнгийн зах зээлийн татварыг хөнгөлөх нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-06 16:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос өнөөдөр “Хөрөнгийн зах зээлд гарч буй бодлого, зохицуулалтын үр нөлөө болон татварын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг зохион байгуулав.


Тодруулбал, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой гарч буй татварын хүндрэл, бэрхшээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар хэлэлцлээ.



Ирэх онд хөрөнгийн зах зээлийг бодлогоор хэрхэн дэмжих талаар СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, дотоодын ААН-үүдээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах, татах идэвх сонирхлыг өсгөх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажилласны үр дүнд зах зээлийн үнэлгээ нэмэгдэн бодит эдийн засагт үзүүлэх нөлөө сайжирсан”-ыг онцоллоо.


Энэ оны III улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, даатгал, ББСБ болон ХЗХ-дын хөрөнгө ДНБ-ийн 20 хувьд хүрсэн.



Тэрбээр, төр, засгаас хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор олон улсын жишигт нийцүүлэн байдлаар дэмжихээр тусгаад буйг онцолж, хувьцаат компани болсон ААН-үүдийн албан татварыг бууруулж байгааг тодотгов.

Хаалттай, нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлж буй хөрөнгө оруулалтын сангуудаар дамжин орж буй гадаадын хөрөнгө оруулалтын татварыг чөлөөлнө.

Ирэх оны төсвийг дагасан татварын өөрчлөлтөөр IPO гаргах зардлыг 20 хувиар тооцох, Орлогын албан татвараас хасах, өрийн хэрэгсэл, ногдол ашигт 5 хувиар татвар ногдуулж буй байдлаар татварын хуулийг шинэчлээд буйг дахин тодотгож байна.


УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолоор “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг баталсан. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болох хөрөнгийн зах зээлийн татварын орчин, шимтгэл хураамжийн талаар СЗХ ийнхүү хэлэлцүүллээ.


Дотоодын хөрөнгийн зах зээлийн татварын эрх зүйн орчинд гарч буй нэг эерэг өөрчлөлт нь үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл, хураамжийн хэмжээ буурч байгаа явдал юм. Энэ нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг бэхжүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарт эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж СЗХ-ны дэргэдэх Үнэт цаасны бодлогын зөвлөлөөс дүгнэж байна.


Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлага бий. Үүнийг бодлогоор дэмжих үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ татварын эрх зүйн орчин, үнэт цаасны арилжаа, шимтгэл хураамжийн талаар мэдээлэл өгөх зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-той хамтран ажиллахаар тогтлоо.

Холбоотой мэдээ