Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-12-08 15:23:49

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайяны гэр бүл дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорлоо гэж "Bloomberg" агентлаг мэдээлжээ. 


Газрын тосны мөнгө чөлөөтэй урсдаг АНЭУ-д Аль Нахайянчууд баян чинээлэг гэдэг нь хэнд ч нууц биш. Гэхдээ Рианнагийн дотуур хувцаснаас авхуулаад их өгөгдөл буюу биг дата, түргэн хоол, Илон Маскийн "SpaceX" компани зэрэг бүх зүйлд оруулсан зөв хөрөнгө оруулалт нь гэр бүлийнх нь баялгийг шинэ түвшинд гаргасан гэж тус агентлаг онцолсон байна. "Bloomberg"-ийн мэдээллээр, Аль Нахайяны гэр бүл 300 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй.


Абу-Дабигаас гаралтай энэ гэр бүл нь санхүүгээс эхлээд роботын техник хүртэл төрөл бүрийн салбарт 27 мянга гаруй ажилтантай “Royal Group” компанийг эзэмшдэг. Түүнчлэн Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб, Илон Маскийн “SpaceX” компани, дуучин Рианнагийн “Savage x Fenty” загварын ордны хувьцааг эзэмшдэг байна.  


Жагсаалтын хоёрдугаарт, дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart”-ын эзэн Уолтоны гэр бүл 224.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ. 


Жагсаалтын эхний тавд шоколад үйлдвэрлэгч “Mars” компанийн эзэн Марсын гэр бүл (160 тэрбум ам.доллар), газрын тос болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг “Koch Industries” компанийг үүсгэн байгуулагч Кохын гэр бүл (128.8 тэрбум ам.доллар)  болон Саудын Арабын хааны гэр бүлийнхэн (105 тэрбум ам.доллар) багтсан байна. 


Холбоотой мэдээ