КАТАР-2022: Марокко Португалыг нутагт нь буцааж, Франц 2:1-ээр Английн шигшээг хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-11 13:51:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын 3 дахь тоглолт өчигдөр /12.10/ орой Доха хотын “Al Thumama” цэнгэлдэхэд Марокко-Португалын шигшээ багуудын хооронд өрнөж Марокко 1:0-ээр португалчуудыг хожиж, Роналду тэргүүтэй шилдгүүд гэртээ харих болсноор Мароккогийн шигшээ Африк тивээс анх удаа ДАШТ-ий хагас шигшээд үлдсэн баг болж хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээлээ.


"Катар 2022" ДАШТ-д Испани, Бельги, Хорватыг хожиж шөвгийн наймд Африкаас ганцаараа үлдсэн Мароккогийн шигшээ багийн тоглогч Эн-Несири /En Nesyri/ 42 дахь минутад энэ тоглолтын ганц гоолыг Португалын хаалганд оруулсан юм.


Португалчууд үлдсэн хугацаанд гоол оруулах гэж ихэд хичээсэн хэдий ч аз, эз тохиолгүй байсаар цаг дуусч ийнхүү гэртээ харихаар боллоо. Тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн Роналдо хоёрдугаар үед талбайд гарч тэр нэг удаа хүчтэй цохилт хийснийг нь Яссин Буну хааж орхив. Тоглолтын төгсгөлд Пепегийн мөргөлт хаалгатай тун ч ойртож, Мароккогийн хөгжөөн дэмжигчдийг сандаргасан юм.


Мароккогийн шигшээ багаас хагас шигшээ тоглолтод Найеф Агуэрд, Нуссаир Мазроуи, Ромаин Саисс нар нь бэртлийн улмаас оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа аж.


Багийнхаа төлөө 196 дахь тоглолтдоо оролцсон Кристиано Роналдо замналынхаа ганц дутуу цомыг өргөх боломжоо ийнхүү алдсан бөгөөд тэр тоглолтын төгсгөлд нулимсаа барьж дийлээгүй юм. Энэ мөчид түүний олон сая фанатууд ч зүрх шимширч нулимс дусаасан болов уу.

Энэхүү гайхалтай тоглолтын шилдгээр Мароккогийн хаалгач Яссин Буну тодорсон юм.


Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги “Эн-Несирид би үргэлж итгэж ирсэн. Мароккогийн сэтгүүлчид намайг түүнийг хамгаалахад шүүмжилж байлаа. Би шүүмжлэлийг хүлээн зөвшөөрсөн ч түүнийг топ тоглогч гэдгийг хэлсэн. Тэр бол ДАШТ-ий түүхэн дэх хамгийн шилдэг марокко хөлбөмбөгчин. Дасгалжуулагч бүрт сонгох шалтгаан байдаг. Түүний талбай дээрх эрч хүчийг үнэлдэг болохоор түүнд итгэдэг, тэр багийнхаа төлөө зүтгэдэг. Довтлогчид заримдаа шүүмжлүүлэх тохиолдол байдаг. Тэр Марокко гаралтай, Мароккод бэлтгэгдсэн чухал тамирчин, бахархаж байна. Түүний гоол хувь заяаны бэлгэ тэмдэг байв” хэмээн тодотгосон байна.


Харин Португалын дасгалжуулагч Фернандо Сантош “Бидний урам хугарлаа. Тамирчдынхаа хөдөлмөр, чанарын ачаар бид Португалын ард түмэнд баяр хөөр бэлэглэнэ гэж бодож байв. Түрүүлж чадна гэж итгэж байлаа. Ийм л өндөр хүлээлттэй байсан учир бидний урам хугарч байна” гэв.


"Катар 2022" ДАШТ-ий шөвгийн наймын сүүлийн буюу 4 дэх тоглолт шөнө /12.11/ 03.00 цагаас “Al Bayt” цэнгэлдэхэд Англи-Францын шигшээ багуудын хооронд өрнөж Дэлхийн хошой аварга францчууд, дэлхийн аварга Английн шигшээ багийг 2:1-ээр хожиж, хагас шигшээд шалгарлаа.


Англи, Францын дасгалжуулагчдын ур ухаан, тактик, тамирчдын ур чадвар, туршлагыг шалгасан гайхалтай тоглолтын гоолын салхийг хагалж 17 дахь минутад Орельен Тчуамени /Tchouameni/ алсын цохилтоос гоол оруулсан. Англичууд Мбаппег зогсооход гол анхаарлаа төвлөрүүлж байх мөчид ийнхүү гоолдож Францын шигшээ тэргүүлж эхэлсэн.


Харин 2 дугаар хагасад Букайо Сакагийн гоцлон тоглолт, багтаа торгуулийн цохилт авчирсан бөгөөд энэ боломжийг ашиглан Харри Кейн /Kane/ 53 дахь минутад гоолдож тооны харьцааг 1:1 болгосон.


Улмаар Францаас Оливье Жиру, Англиас Харри Магуйар нар гоолын боломжуудаа харамсалтай алдсан юм. Харин Францын бүх цаг үеийн мэргэн бууч О.Жируд /Giroud/ 78 дахь минутад дахин нэг боломж гарсныг гоол болгосноор 2:1-ээр Францын шигшээ тэргүүлж эхэллээ.


Английн Мэйсон Маунт багтаа дахин торгуулийн цохилт авчирсан ч Харри Кейн энэ чухал цохилтыг алдаж тэнцэх боломжоо үгүй хийж орхив.


Ийнхүү энэ тулаан 2:1-ээр Францын шигшээ багийн ялалтаар өндөрлөж, Дэлхийн аваргаа хамгаалахад тэдэнд хоёр хожил үлдээд байна. Энэ тоглолтын шилдгээр Оливье Жиру тодорчээ.

Холбоотой мэдээ