АНУ-ын ХНС бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөлөө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ лхагва гарагт дахин өсгөснөөр сүүлийн 15 жилийн хамгийн
өндөр түвшинд хүргэлээ. Энэ нь сүүлийн үед нааштай өөрчлөлт ажиглагдсан ч
инфляцын эсрэг тэмцэл дуусаагүйг илтгэн харуулж байна.
ХНС бодлогын
хүүгээ урьдчилан таамаглаж байсанчлан 50 суурь нэгжээр өсгөснөөр 4.25-4.5 хувьд
хүргэжээ. Төв банкны үүрэг гүйцэтгэгч ХНС инфляцыг бууруулахын тулд 1980-аад оноос хойших хамгийн түрэмгий бодлогыг
баримталж, бодлогын хүүгээ дөрөв дараалан 75 суурь нэгжээр өсгөөд байсан юм.
Бодлогын хүүг
2024 он хүртэл бууруулахгүй бололтой байгааг албаны төлөөлөгчид хурлын дараа хийсэн хэвлэлийн бага
хурлын үеэр мэдээлсэн бөгөөд мэргэжилтнүүд хүлээгдэж буй “эцсийн түвшин” буюу өсөлтийг
зогсооно хэмээн найдаж буй цэгийг 5.1 хувь гэж тооцоолон гаргажээ.
ХНС-гийн тэргүүн Жером
Пауэллын хувьд, “Үнэ өснө гэсэн хүлээлтийг газар авхуулахгүйн тулд инфляцтай үргэлжлүүлэн
тэмцэх хэрэгтэй. Энэ оны 10, 11 дүгээр сарын инфляцын тайлан урьдчилан төсөөлж
байснаас нааштай гарсан ч инфляц буурах хандлагатай байгаа гэж үзэхэд илүү их тоо
баримт шаардлагатай” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.