Иргэдэд цахим ур чадвар олгох төв нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Цахим ур чадвар олгох төв нээгдлээ. Нээлтэд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жей нар оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар нээж буй тус төв нь үндэсний хөтөлбөрүүдэд цахим ур чадварыг бэхжүүлэх зорилготойг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлж байна.
Тус төв нь эхний
ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад үйлчилж, нийгмийн зорилтот
бүлэг хэрэгтэй сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагаа явуулах юм.
Улмаар иргэдийн мэдэлэлийн технологийн хэрэглээ, ур чадварыг нэмэгдүүлнэ. Энэ бүх үйл ажиллагааг И-Монгол академитэй хамтран зохион байгуулах юм.
Мэдээлэл, харилцаа холбоо,
технологийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд “Цахим
ур чадвар олгох төв”-ийн төслийг Монгол Улс, БНСУ-ын хооронд ийнхүү хэрэгжүүлж
байна. БНСУ Мэдээлэл хандалтын төв байгуулах төсөл (IAC)-ийг хэрэгжүүлдэг бөгөөд Монголд байгуулж буй Цахим
ур чадвар олгох төв нь 52 дахь Мэдээлэл
хандалтын төв болж буйг төсөл хэрэгжүүлэгч нар онцоллоо.
Дахин тодруулахад тус төв нь дундын оффис буюу ажлын байрны таатай орчинг бүрдүүлсэн ICT lounge, тус бүр 16 хүн суралцах багтаамж бүхий сургалтын хоёр танхим, видео конференц өрөө, контент үйлдвэрлэлийн болон контент засварлах кабинетаас бүрджээ.
Гэрэл зургийг Н.Батбаяр