Эмч нарын илүү цагийн мөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-28 00:03:26
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут   Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон IV цэцэрлэгийн засварын ажилтай танилцлаа.

Эмнэлгийн үйл ажиллагааг тус төвийн Чанарын менежер н.Болор-Эрдэнэ танилцуулж тулгамдаж буй асуудлаа хэллээ.  Тухайлбал тус төвийн Шүүх эмнэлгийн хөргөгч ажиллахгүй байгаа аж. Үүнийг яаралтай  засварлах хэрэгтэй хэмээн үүрэг өгөв. Харин өвчний онцгой дэгдэлтийн үед ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгийг Засаг даргын нөөц сангаас олгох талаар шийдвэрлэв. Мөн нярайн амьсгал тэлэхэд хэрэглэдэг эмийг он дуустал хангах, Төрөх тасгийн камержуулалт, дохиоллын системийг орон нутгийн зүгээс шийдвэрлэхээр боллоо.

Харин IV цэцэрлэгийн засварын ажилтай танилцах үеэрээ Засаг дарга Д.Батлут, “Ажлаа цаг хугацаандаа яаралтай бөгөөд чанартай гүйцэтгэх хэрэгтэй” хэмээн анхаарууллаа.  Тус цэцэрлэг 1992 онд байгуулагдсан бөгөөд жил бүр урсгал засвар хийгддэг ч дээвэр болон сантехникийн засварыг нэн түрүүнд хийх шаардлага гарсан юм. Иймд энэ жил БСШУЯ-ны 239 сая төгрөгийн санхүүжилтээр их засварын ажил хийгдэж байна. Засварыг Улаанбаатар хотын “Хангайн хятруун” ХХК гүйцэтгэж байна. Засварыг 10 хоногийн хугацаанд хийх бөгөөд 9 сарын 20-оос тус цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авах юм.
IV цэцэрлэг нь Согоот багт байрладаг. Өөрөөр хэлбэл, 5000 гаруй хүн ам, 1350 өрхийн дунд ердөө нэг л цэцэрлэг байдаг юм. Иймд тус цэцэрлэгийн ачаалал жил бүр нэмэгддэг байна. Уг нь 280 хүүхдийн хүчин чадалтай ч жилд 480 хүүхэд хамрагддаг гэж цэцэрлэгийн эрхлэгч Ж.Минж хэллээ. Согоот багт цэцэрлэгийн насны 680 хүүхэд байдаг аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ