БНСУ-ын сансрын төхөөрөмж Сарны тойрог замд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-12-29 13:14:42

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын дотооддоо хөгжүүлсэн “Danuri” нэртэй, сансрын автомат төхөөрөмж Сарны тойрог замд амжилттай орсныг тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яам мэдэгдлээ.


“Pathfinder Lunar Orbiter” гэгддэг уг төхөөрөмж мягмар гарагт Сарны таталцлын хүчинд орж, түүнийг тойрч эргэж эхэлсэн байна.


“Danuri” 12 дугаар сарын 17-ноос хойш гурван маневр гүйцэтгэснийхээ дараа Сарны тойрог замд орж чаджээ. Ийнхүү манай гаргийн дагуулын гадаргаас 100 гаруй км зайнаас нэг жилийн турш судалгаа, шинжилгээ хийх юм.


Уг төхөөрөмж нийт таван удаагийн маневр хийснийхээ дараа пүрэв гарагт Сарны тойрог замд орох ёстой байсан боловч төлөвлөснөөс эрт зорилгодоо хүрсэн байна. 


“Danuri” төхөөрөмж 145 хоног сансарт аялсныхаа дараа Сарыг одоо хоёр цагийн тогтмол циклээр секундэд 1.62 километрийн хурдтайгаар тойрч байгаа аж.


Уг төхөөрөмжид 93 кг түлш үлдсэн бөгөөд энэ нь ирэх жилийн даалгаврыг гүйцэтгэхэд хангалттай хүрэлцэх юм.


Өмнөд Солонгосын сансрын төхөөрөмж нь  зургаан төрлийн багаж ашиглан соронзон талбайн хүч, гамма туяа болон сарны гадаргуугийн бусад шинж чанарыг хэмжих юм. Түүнчлэн ирээдүйд Саран дээр буухад тохиромжтой газрыг тодорхойлох аж. 


БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ель уг төхөөрөмжид ихээхэн найдлага тавьж байгаагаа мэдэгдэж, “Манай улс сансрын эдийн засгийн тоглогч болох эхлэл тавигдлаа” хэмээн мэдэгдэж байсан билээ. 


Холбоотой мэдээ