2022 он: Дэлхийн анхааралд байсан онцлох үйл явдлууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-31 08:38:35

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2022 онд дэлхий дахины анхаарлыг хамгийн их татсан үйл явдлуудыг МОНЦАМЭ агентлаг нэрлэж байна.

Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрлээ 


Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрснийг НҮБ 11 дүгээр сарын 15-нд мэдээллээ. 2010 онд 7 тэрбумд хүрснээсээ хойш ийнхүү 11 жилийн дараа дахин нэг тэрбумаар нэмэгдэж байна.


XX дугаар зууны дунд үед хурдацтай өссөн дэлхийн хүн ам 2037 онд 9 тэрбум, 2080 онд 10.4 тэрбум хүрээд 2100 он хүртэл тогтвортой байх тооцоог НҮБ гаргажээ.


Сүүлийн 200 жилийн хугацаанд дэлхийн хүн ам 8 дахин өссөн байна. Жишээлбэл, 1900-аад оны эхээр манай гараг дээр ердөө 1.6 тэрбум хүн амьдарч байсан бол 2000-аад оны эхээр 6 тэрбум, 2011 онд 7 тэрбумуулаа болжээ. Ийм хурдацтай өссөний шалтгааныг анагаах ухааны хөгжил, ариун цэврийн байгууламжийн дэвшил, ундны усны хүртээмж нэмэгдсэн болон вакцинжуулалтад өргөн цар хүрээтэй хамрагддаг болсонтой холбон тайлбарлаж байна.


Хүн амын тоо тогтмол нэмэгдэж байгаа хэдий ч өсөлтийн хурд сүүлийн үед удааширчээ. 2022-2050 оны хооронд 60 гаруй орны хүн амын тоо “төрөлтийн түвшин буурч байгаатай холбоотойгоор” 1 хувь ба түүнээс дээш хувиар буурна гэж шинжээчид таамаглаж байна. 


НҮБ-ын тооцоолсноор, 2050 он хүртэл дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани гэсэн найман улсад төвлөрөх ажээ. 


Хүн төрөлхтөн Хатан хаан II Элизабет хийгээд Абэ Шинзог үдэв


Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан Цог Жавхлант Хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-нд Шотланд дахь Балморал шилтгээндээ 96 насандаа таалал төгсөв. 


II Элизабет 1952 оны хоёрдугаар сарын 6-нд эцэг VI Жорж хааныг нас барсны дараа хатан хаан болсон юм. Элэнц эмээ, хатан хаан Викториа нь 1837-1901 он хүртэл 63 жилийн турш төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн бол Элизабет Хатан хааны сэнтийд 70 жил заларсан ёслолоо дөрөвдүгээр сард хийгээд байв.


Хатан хаан II Элизабет хаан сэнтийд залрах хугацаанд дайны дараах хэмнэлтийн үе, эзэнт гүрнээс Хамтын нөхөрлөлд шилжих шилжилт, Хүйтэн дайны төгсгөл хийгээд Их Британи Европын Холбоонд элссэн болон гарсан түүхэн үйл явдлууд болж, 15 Ерөнхий сайд солигджээ. 


Эрхэмсэг хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол есдүгээр сарын 19-нд болж, 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаан Улсын шинэ хаанаар ууган хүү III Чарльзыг нь өргөмжилсөн юм.


Энэ үйл явдлаас яг хоёр сарын өмнө буюу долоодугаар сарын 8-нд дэлхий дахинаа алдаршсан улстөрч, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслол Токио хотноо есдүгээр сарын 27-ны өдөр болов. Энэхүү ёслолд дэлхийн 200 орчим улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 4000 гаруй хүн оролцлоо.


Гэмт этгээдийг хэргийн газарт нь баривчилсан бөгөөд сэжигтэн мэдүүлэхдээ, "А.Шинзог нягт холбоотой гэж боддог шашны бүлэглэлд дургүй байсан. Ээж нь уг бүлэглэлд их хэмжээний мөнгө хандивласан нь гэр бүлийнх нь аж амьдралд ноцтой хохирол учруулсан" гэжээ. А.Шинзогийн амиа алдсан хэрэгт холбогдож буй “Эв нэгдлийн сүм” гэгддэг шашны байгууллага нь дагагчдадаа эд зүйл худалдан авахыг албаддаг гэж буруутгагдсан ба уг байгууллагын улс төрийн хамаарал, тэр дундаа эрх баригч Либерал Ардчилсан намынхантай холбоотой эсэх асуудал Японы олон нийтийн анхаарлын төвд ороод байна.


James Webb: Орчлонт ертөнцийн өнгийг 

хамгийн тод өнгөөр харуулав


Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн “хүчирхэг” нь гэгдэж буй “James Webb”-ийн авсан сансрын уудмын анхны өнгөт зургийг долоодугаар сарын 11-нд олон нийтэд танилцууллаа. 


Энэхүү зургийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ төлөөллүүдийн хамт танилцуулж, хүн төрөлхтөн сансар судлалдаа асар том алхам хийснийг зарлав.


NASA уг телескопоос ирсэн бусад зургуудыг үргэлжлүүлэн танилцуулсаар байгаа юм. Тухайлбал, хамгийн эртний хоёр галактикийг хамгийн тод томруун буулгасан зургийг энэ оны 11 дүгээр сард олон нийтэд дэлгэсэн. Эдгээр галактик нь Их тэсрэлтээс хойш 350 сая ба 450 сая жилийн дараа үүсжээ. “James Webb” мөн Далайн ван гаргийн цагаригийн тод зураг зэрэг манай Нарны аймгийн тод зургуудыг дэлхийд илгээгээд байна. Энэ зургууд нь одон орон судлаачдад гаргуудын бүтэц, үүслийг илүү сайн судлах боломжийг олгох юм. 


Сансрын энэхүү дуран авай нь өмнөх үеийнхээ дурангаасаа даруй 100 дахин илүү хүчтэй бөгөөд бүтээх ажил 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2021 оны сүүлээр албан ёсоор ажиллуулж эхэлсэн юм. 


6.5 м-ийн голчтой толь суурилуулсан уг дуран авайгаар эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна амьдрал байх боломжтой гаргуудыг хайхад ашиглахаар төлөвлөж байна.


Хүнийг саран дээр авчирсан сансар огторгуйн "Аполлон" хөтөлбөрийн дарга Жеймс Уэббийн нэрээр нэрлэсэн энэ дуранг 2021 оны 12 дугаар сард Францын Гвиан муж дахь “Куру” сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ.


Дэлхийн шинэ хямрал: Орос, Украины дайн


2022 оны хоёрдугаар сарын 24-ний өглөө ОХУ-ын талаас Украины цэргийн дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн байрлал, цэргийн нисэх буудлуудад цохилт өгснөөр Орос, Украины дайн эхэллээ. 


Оросын энэ үйлдлийг дэлхийн хамтын нийгэмлэгийн ихэнх улс орон, олон улсын байгууллагууд эрс буруушааж, АНУ, Европын Холбоо, Япон тэргүүтэй олон улс ОХУ-д хатуу хориг арга хэмжээ авсаар байна.  Орос, Украины дайны үр дагавар дэлхий нийтийг эрчим хүчний хямралд оруулж, үүнээс улбаатай инфляц, үнийн хөөрөгдөл хөгжиж буй орнууд төдийгүй, хөгжингүй орнуудын эдийн засагт нөлөөлсөөр байна. 


Дайны эхэн үед ОХУ, Украин мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэхийг оролдож хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Улмаар тавдугаар сарын 17-нд талууд хэлэлцээгээ зогсоож байгаа тухай мэдэгдэв. 


Украин, Орос нь дэлхийн үр тарианы хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогчдын тоонд ордог. Дайны улмаас Украины боомтууд хаагдсанаас үүдэн дэлхийн хүнсний хямрал үүсэх эрсдэл үүсээд байсан ч НҮБ, Туркийн талын зуучилсан гэрээ нөхцөл байдлыг намжаагаад байгаа юм.


Түүнчлэн Орос, Украины дайны улмаас Европын улсууд үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчлэн боловсруулах, батлан хамгаалах зардлаа өсгөх, зэвсэг, техник хэрэгсэл худалдан авах, цэргийн албан хаагчдынхаа тоог өсгөх замаар үндэсний батлан хамгаалах, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх боллоо.


Орос,Украины дайн эхэлснээс хойш Умард Атлантын эвсэлд элсэхийг дэмжиж буй финландчууд, шведүүдийн тоо эрс өсөж, төвийг сахих бодлогыг 200 гаруй жилийн турш баримталж ирсэн Швед, дэлхийн II дайнаас хойш төвийг сахигчийн статустай байгаа Финланд гэсэн Скандинавийн хойгийн хоёр улс НАТО-д элсэх хүсэлтээ тавдугаар сарын 18-нд гаргасан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татлаа.


Спортын ертөнцөд бүтээсэн түүх: Хөл бөмбөгийн ДАШТ ба Өвлийн олимп


Өвлийн олимп-2022 наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдлаа. 


Өвлийн олимпын наадмыг зохион байгуулахдаа БНХАУ нь шинжлэх ухаан технологийн ололт инновац шингэсэн, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчиндоо ээлтэй байх даян дэлхийн орчин үеийн хөгжлийн хандлагыг илүүтэй ашигласан нь онцлогтой байлаа. Түүнчлэн коронавирусний цар тахалтай холбоотойгоор урьд хожид байгаагүй аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнээрээ онцлог байв. Мөн Бээжин хот нь зуны /2008/ болон өвлийн олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан түүхэн дэх анхны хот болж түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. 


“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд 2871 тамирчин спортын 15 төрлөөр 109 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Норвег, Герман, Хятад медалийн чансааг тэргүүлэв. Харин Паралимпын наадам Бээжин, Яньцин болон Жанчхүү гэсэн гурван газар гуравдугаар сарын 4-нөөс эхлэн есөн өдөр үргэлжилж, зургаан спортын төрлөөр 78 тэмцээн уралдаанд 46 улс орны 600 орчим тамирчин өрсөлдлөө. Зохион байгуулагч Хятад улсын баг нийт 61 медаль, тэдгээрийн дотор 18 алтан медаль хүртсэнээр паралимпын наадамд медалийн тоогоор тэргүүлсэн бол Украин улс нийт 29 медаль хүртсэнээр хоёрдугаар байрт орлоо. Харин Канад улс нийт 25 медаль хүртсэнээр гуравдугаарт оров. 


“Бээжин-2022” наадмын хаалтын ёслолын үеэр олимп, паралимпын тугийг 2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотод гардуулан өглөө.


Энэ онд тохиосон спортын бас нэгэн онцлох үйл явдал бол 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-нд зохион байгуулагдсан “Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ байлаа. Түүхэндээ анх удаагаа Арабын оронд, мөн өвлийн улиралд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой энэ удаагийн ДАШТ-д Аргентины шигшээ баг түрүүлж, дэлхийн аваргын цомыг гурав дахь удаагаа хүртлээ. 


Катарчууд ДАШТ-ийг зохион байгуулахад зориулан цэнгэлдэх хүрээлэн, зам, зочид буудлуудыг бүтээн байгуулахад 220 тэрбум гаруй ам.долларыг зориулжээ. Тив тивийн төлөөлөл болсон шилдэг 32 баг уламжлал ёсоор дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдан Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд хурд хүчээ сорив. Энэ удаагийн ДАШТ-д Азийн хөл бөмбөгийн холбоог БНСУ, Австрали, Японы шигшээ багууд төлөөлсөн нь тус тивийн удирдах байгууллагын хувьд дээд амжилт болсон юм. Гэвч эдгээр багууд бүгд шөвгийн 16-гийн тоглолтын дараа нутаг буцав. Мөн эмэгтэй шүүгчдийн баг түүхэндээ анх удаа тоглолтыг шүүлээ. Түүнчлэн энэ удаагийн тэмцээн нь шувтаргын шатанд 32 баг тунан үлдэж буй сүүлийн ДАШТ болсон бөгөөд 2026 оноос аваргын цомын төлөө 48 баг өөр хоорондоо өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ