СОЁЛЫН ЭЛЧ: Д.Алтанхуяг: Монголын балетын урлагийг дэлхийд гаргахыг зорьж байна

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2023-01-03 07:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуягтай ярилцлаа.


Балетчин Д.Алтанхуяг П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг 2014 онд “Цөмөөхэй” нэрээр тайзнаа амилуулснаас хойш ес дэх жилтэйгээ золгоод байна. Шинэ оны өмнөхөн үзэгчдийн хүртээл болсон энэхүү бүжгэн жүжгийн цөмөөхэйг урлан бүтээгч, нууцлаг авга ах Дроссельмайерийн дүрд тэрбээр өөрөө тоглосон юм.

 

-Соёлын элчээр томилогдсоноосоо хойш Монгол Улсаа сурталчлан таниулахын тулд ямар ажил хийв?

-Монгол Улсын ГХЯ-наас явуулж буй зөөлөн бодлогын хүрээнд 2015 онд Монгол Улсын гурав дахь Соёлын элчээр томилогдож байлаа. Соёл урлаг бол бидний хамгийн урдаа барьж олон нийт, гадаад улсад Монгол Улсыг таниулах нөлөө бүхий “зэвсэг” гэж үзэж болно. ГХЯ-наас гадаадад болон Монголдоо соёл урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухаан гэхчлэн салбар салбараас Соёлын элчийг томилж байгаа. Намайг урлаг, тэр дундаа сонгодог урлагийг хөгжүүлж буй хувь нэмрийг маань үнэлэн Соёлын элчээр сонгосон гэж ойлгож байгаа. 2015 оноос хоёр дахь удаагаа Соёлын элчээр улиран ажиллаж байна. Өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлж байгаа. Сонгодог урлагийн төлөө хийх ажил их байна.

-Жил бүр шинэ жилийн босгон дээр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг олны хүртээл болгож ирсэн. Анх энэ санаагаа хаанаас олж байв?

-Хөгжим бүжгийн коллежид 1994 онд сурч байхдаа 1982 оноос тавигдсан “Шелкунчик” бүжгэн жүжигт анх тоглож байлаа. Дэлхий даяар балет сонирхогчдоос “Хамгийн анхны балет” гэхээр бүгд л “Цөмөөхэй” гэдэг. Тухайн үед амьд оркестртой, мундаг ах, эгч нартай тайзан дээр гарч бүжиглэхэд үнэхээр сюрприз байсан. Хүүхдэд түүн шиг том бэлэг, гайхамшигтай зүйл гэж байгаагүй. Хүн төрөлхтөнд үнэхээр сонин зүйлийг бага насанд нь үзүүлэх, сонгодог урлагаар хоолоо олж иднэ гэж мөрөөдөж буй хүүхдэд боломж нээж өгсөн л дөө. 2000 онд сургуулиа төгссөнөөс хойш тодорхой хэмжээний чадвар, түвшинд хүрч, гадна дотны бичлэг үзэх, найруулга, дэглэлтийг харах болсон. 2001 онд Япон руу явж “Цөмөөхэй” балетад тоглоход маш өөр ертөнц байгааг мэдэрсэн. Тухайн үед “Цөмөөхэй”-г Австралийн дэглэлтээр тоглож байсан. Дараа нь Европ руу очиход мөн л өөр тавилттай байсан. Тэгээд Америкт очиж бүрэн утгаар нь ойлгосон доо. 2007 онд “Бостон балет”-ын “Цөмөөхэй” бүжгэн жүжигт 11 дүгээр сарын сүүүлчээс эхлээд 51 удаа тоглож байлаа. Тэр бол үнэхээр гайхамшигтай байсан. Дараа нь Японд 6 удаа тоглохдоо бас гайхсан. Дараа нь 12 удаа тоглохдоо “Энэ бол миний рекорд” гэж бодсон. Гэтэл манай Дуурийн театрт 14 хоногт 2 удаа балет тоглож байгаа. Харин 51 удаа тоглохдоо олон дүр дээр бүжиглэсэн. Эхнэр маань хүүхэдтэйгээ үзээд, “Балет үзүүлэх гэж мөрөөдөж яваа бол "Цөмөөхэй" балетыг л Монголд аваачиж тавих хэрэгтэй” гэсэн. Сонгодог урлаг сонгодог л байх хэрэгтэй. Хэрвээ сайжруулах гэж байгаа бол бодоод байх биш хийх хэрэгтэй гээд 7-8 жил хөөцөлдөж, эрхийг нь авч Монголдоо оруулж ирсэн.


Хүн амьдралдаа мод тарих, ном бичих, барилга барих гэсэн мөрөөдөлтэй байдаг бол миний хувьд хийх ёстой нэг ажил "Цөмөөхэй"-г өөрийнхөөрөө тавих гэж үзсэн. Энэхүү бүтээлийг Монголд авчирна гэдэг орчин цагт бүжигчин Д.Алтанхуягийн “Балетын хөгжил сан”-гийнхаа дэмжлэгтэй оруулж буй хувь нэмэр юм.


Жил бүр бүжигт дуртай охидыг оруулах боломжтой учраас нэг сангийн хийж болж байгаа ажлыг улсын хэмжээнд, УДБЭТ, бүхэл бүтэн яам хийж болно. Нэг хүн оруулж ирж байгаа юм чинь 40, 50 тоглож болно. Гэтэл энэ жил 4 удаа тоглолоо. Энэхүү балетад маш их хөрөнгө зарцуулсан. Миний эхлүүлсэн ажлыг манай Монгол Улсын Консерваториас төгссөн эсвэл манай сургуулиас төгсөж буй залуус үргэлжлүүлэх нь гарцаагүй болохоор түүнд нь урамшдаг. 

-“Цөмөөхэй бол хүүхэд бүрийн хүлээдэг балет. Нийт хэдэн удаагийн тоглолтыг хэдий тооны үзэгчдэд хүргэв. Тэдгээрийн хэд нь хүүхдүүд байсан бол. Энэ талаар тооцож үзсэн үү?

-УДБЭТ 500 хүний суудалтай. Анх 2014 онд нийт есөн удаа тоглоход 4500 хүнд хүрч байсан. Тухайн үед бичлэг хийж улс даяар үндэсний телевиз, Монгол HD, ТВ5, ТВ8 гээд гаргахад ойролцоогоор 200-300 мянган хүнд хүрсэн болов уу. Өнөөдрийн байдлаар, 9 дэх жилдээ тоглож байна гэхээр 40-50 мянган хүнд хүрсэн. Мөн youtube дээр  нээлттэй тавьж байгаа болохоор үзсэн хүмүүс 100, 100 мянгааар тоологдох байх. Телевизүүдээс ”Цөмөөхэй” балетыг кино хэлбэрээр гаргах санал ирдэг. “Балетын хөгжил сан”-гийн алсын хараа бол сонгодог урлаг, бүжгийг хүн бүрт хүргэхийг зорьж байна. Таны хүүхэд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй сонгодог урлаг, бүжгээр хичээллэх боломжийг таны гэрийн хажууд хүргэхээр ажиллаж байна. 

-Энэхүү балетыг гадаадад тоглох төлөвлөгөө бий юу?

-2018 онд бид Токиод очиж тоглосон. Өөрсдийн найруулсан балетыг анх удаа 20-иод хүний бүрэлдэхүүнтэй тоглосон. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилин ойн хүрээнд “Цөмөөхэй” балетыг Японд энэ сарын 20-ноос хойш тоглоно. Ингэхдээ Японы оркестртой хамтран манай солистууд очиж тоглоно. Манайхаас нийт 10 гаруй хүн очихоор төлөвлөсөн.

 

-Та Монголд балетын урлагийг хөгжүүлэхээр "Монголын балетын хөгжил сан"-г үүсгэн байгуулж, Night of Ballet" олон улсын наадам болон дэлхийн шилдэг балетчдын тоглолтыг уламжлал болгон зохион байгуулах болсон. Мөн Монгол Улсаа сонгодог урлагаар дамжуулан дэлхийд сурталчлахаар Олон улсын балетын анхдугаар уралдаан зохион байгуулсан. Одоогоор манай улсын балетын урлаг дэлхийд аль түвшинд явна вэ?

-Ямарваа нэг зүйлийг уран бүтээл, уран бүтээлч, тухайн байгууллага, санхүү эдийн засгийн үзүүлэлтээр нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл ойлголт юм. Ерөнхийд  нь төрөлжүүлэх ёстой. Өнөөдрийн балетын систем гэхэд хоцрогдсон, тухайн бүжигчний ур чадвар өндөр үү гэвэл өндөр, түүнийгээ гаргах стиль, тухайн жүжигт хүргэх багш дутмаг байна. Үүнд зориулсан алсын хараатай бодлого алга байна. Соёлын яамнаас “Сонгодог урлаг-3” хөтөлбөр гаргаж сонгодог урлаг, хөгжим гээд явж байгаа боловч өмнө нь маш олон асуудал байгаа. Урлагт хойно явна гэдэг ирээдүй хойч үеэ цааш нь түлхэж байгаатай ялгаагүй. Тэдний уураг тархи юу бодож сэтгэж, яаж харьцаж байна, гоо зүй, харилцааны соёл, анхаарлын төвлөрөл дээр урлаг яах аргагүй орно. Балет бол хөгжмийн, тайзны урлаг. Бүжигчний үүднэээс сан үүсгээд явуулж байна.


УДБЭТ-т уран бүтээлчдийг нэмэлт орлоготой байлгах үүднээс 200 гаруй хүнд хүрсэн, авч буй сарын цалинтай дүйцэх, эсвэл илүү гарах мөнгийг сан өгч байгаа нь асар том даваа юм. Энэ давааг хэд давах вэ гэдэг нь маш том асуудал. Өнөөөдрийг хүртэл зогсолтгүй явж байгаа болохоор ажилллаж буй хүмүүс маань ухамсарлаасай. Анх 8,9 жилийн өмнө эхэлж байсан бол одоо тасалбар олдохооо больсон нь том амжилт авчирч байна.

-Балетын урлаг хэсэг бүлэг цөөн хүнд зориулсан урлаг биш. Хэн ч балетаар хичээллэж болно гэдэг. Манай хүүхдүүдийн балет сонирхох сонирхол өмнөхөөсөө хэр өөр болов?

-Балет сонирхож байгаа хүүхдүүд нэмэгдэж байгаа. Энэ балет гэж үзүүлэхэд хүүхэд бүр явна. Харин тэрхүү хүсэл, тэмүүлэл, урсгалыг зөв тийш нь чиглүүлж, орчин цагийн заах арга зүйгээр нь явуулах нь мэргэжилтнүүдийн мэдэх асуудал.  Бид завгүй байгаа нөхцөлд удирдлага буюу leadership дутагдаж байна гэсэн үг.

 

-Монголын үндэсний балет сургуулиа цаашид өргөжүүлэх талаар ямар бодолтой явдаг вэ. Монголд балетын сургууль байгуулсны үр дүн хэзээ гарах бол?

-Жил бүр 200-300 хүүхдэд хүрч ажилладаг. Бид МУК-д маш сайн хүүхдүүдийг бэлдэж өгч байна гэсэн үг. МУК-ийн 30-50 хувийг бэлтгэдэг. Энэ нь зөв зүйл учраас өрсөлдөгч гэж харж болохгүй. Харин нэгдэж, урагшлах хэрэгтэй. Үр дүн гараад эхэлсэн. Манай сургуулийн залуу уран бүтэээлчид тоглолтод орж байна. 2014 онд анх “Цөмөөхэй”-д тоглож байсан Б.Анаргэрэл одоо Испанийн солист хийж байна гэдэг ахиц юм. Ийм тохиолдол гадаадад л байдаг гэж сонсож байсан бол бид өөрсдөө хийж байгаа нь энгийн зүйл биш. Үр дүн олон жилийн  дараа гарч ирж байна. Зуу зуун хүүхэд сурлаа гэхэд нэг хоёр нь л ингэж амжилттай явж байна. Тэгэхээр энэ урлаг өөрөө хатуу, тэвчээр шаардаж байдаг. Тэгэхээр хүүхдийн ард эцэг эх, багш, сургууль, бодлого байдаг, олон улсын, дэлхийн урлаг шүү дээ.

-Ази гэр бүл хөвгүүдийг балетаар хичээллэхийг дэмждэггүй талтай. Таны хүүхэд насанд балетчин болохыг хэн хамгийн их дэмжив. Хөвгүүд яагаад балетаар хичээллэх ёстой вэ?

-Хөвгүүд ч гэсэн бие галбиртаа, өөртөө анхаарах хэрэгтэй. Хөвгүүдийг хар ажил хийх, мөнгө олох гэхчлэн манайхан буруу ойлголттой байдаг. Хөвгүүд ялгаагүй хөгжим сонсдог, сэтгэл зүрхтэй. Бидний хүмүүжлийн арга барил олон мянган жилийн асуудал байх. Одооноос харилцаа 50, 50 хувь болсон. Ирээдүйд нэлээн асуудал гарна. Үүнийг гарсан хойно нь ярих биш, урлагийг чөлөөтэй, олонд хүргэх ёстой. Урлаг эмчилгээниий гол зүйл байх болно гэж боддог.

 

-Соёлын элчийн хувьд ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцана уу?

-Хувь хүний үүднээс олон улс болон урд, хойд хөрштэйгээ өөрийн мэргэжлийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллана. ГХЯ-наас Соёлын элчүүд хамтран ажиллах талаар хурал зохион байгууулж байгаа. Хувь хүний хувьд Монголын балетын урлагийг дэлхийд гаргах, дэлхийн балетыг Монголдоо авчирч Монголын балетын түвшинг эн зэрэгцээ түвшинд аваачихыг зорьж байна. Дэлхийн урлагт монголчуудын оролцоо байх ёстой. Монгол гэдэг өөрийн онцлогийг хүргэж, тэд биднийг таньснаар бид өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өндөрсгөнө гэж үзэж байна.

Холбоотой мэдээ