Замын-Үүд хилийн боомтын зорчигч тээврийн цогцолбор 7 дугаар сард байнгын ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-01-03 15:03:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байна. 


“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын ажлын хэсэг тус боомтын барилга угсралтын гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан байна. Зорчигч тээврийн цогцолборын гадна гэрэлтүүлэг, барилгын дотор, гаднах  засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, Улсын комисс өчигдөр ажилласан аж. Хилийн боомтын зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн ажил, автозам, явган зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн ажил гүйцэтгэжээ. Одоогоор тус хилийн боомтын ачаа, тээврийн цогцолборын хэсэгт 14.95 га талбайд барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, дайрган зам талбайн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үргэлжилж байна. 


Ачаа тээврийн цогцолборыг ирэх 7 дугаар сард байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болж, хүчин чадал нь одоогийнхоос тав дахин нэмэгдэх юм. Сангийн яам, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн захиалгаар “Жунмэй инженеринг групп” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ