БАЯНХОНГОР: Утсан наамлаар бүтээсэн "Эзэн Чингисийн хөрөг" аймгийн Музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-11 10:39:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 4 дүгээр багийн өндөр настан, ахмад багш Б.Дашгомбо 20 гаруй жил утсан наамал урлалыг хийж байна. Тэрээр Чингис хааны сэнтийдээ сууж буй хөргийг хананд байрлуулах том хэмжээгээр буюу 1.20х1.40 хэмжээтэйгээр хийж эхлүүлэн гурван жил, гурван сар зарцуулж бүтээжээ. Тус бүтээлийг аймгийн Музейн сан хөмрөгт хадгалуулсан нь энэ төрлийн бүтээлийн цор ганц хувилбар болжээ.

Чингис хааны сэнтийдээ сууж буй хөрөг зургийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, аймгийн Музейд 18 сая төгрөгөөр худалдан авсан байна. 

Тэрээр, бүтээлээ жирийн оёдол, үйлийн /энгийн даавуун, мяндсан, нэхмэлийн зэрэг/ утас ашиглан ширхэг бүрээр өнгө будаг ялган, цаасны тарган цагаан цавууг ашиглан нааж урладаг.

Өнөөг хүртэл утсан наамлаараа 300 гаруй бүтээл хийсэн бөгөөд Монголын 38 хааны хөргийг А4 хэмжээтэйгээр утсан наамлаар хийсэн нь Б.Дашгомбын онцлох бүтээлийн нэг.

Холбоотой мэдээ