Остин Батлер “Элвис” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-01-11 10:56:03

НЬЮ-ЙОРК. /NBC/. Америкийн жүжигчин, дуучин Остин Батлер Элвис Преслигийн дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмын "Драм киноны шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналын эзэн боллоо. 


Энэ номинацид мөн Брендан Фрейзер “The Whale” (2022) кинонд бүтээсэн дүрээрээ, Хью Жекман “The Son” (2022) киноны гол дүрээрээ, түүнчлэн Билл Най (Living, 2022), Жереми Поп (The Inspection, 2022) нар өрсөлджээ. 


"Инээдмийн болон мюзикл киноны шилдэг эрэгтэй гол дүр” төрөлд Колин Фаррел "The Banshees of Inisherin" (2022) кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” хүртлээ. 


"Уран сайхны киноны шилдэг туслах дүр"-ийн шагналыг манай ертөнцийн жирийн нэгэн эмэгтэй зэрэгцээ ертөнцөд муу муухай зүйлтэй тэмцэж буй тухай "Everything Everywhere All at one" (2021) кинонд тоглосон Вьетнам гаралтай америк жүжигчин Ке Хуй Куан авчээ. 


Кино, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд “NBC” телевиз шууд дамжуулж байна.


Холбоотой мэдээ