НҮБ-ын Хүүхдийн сан гар утасны “Nomadic Adventure” тоглоом гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-17 08:02:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Люксембург сангийн дэмжлэгээр “Цахим аялал” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.


КОВИД-19 цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг хаагдах үеэр теле хичээлийн талаар судалгаа хийж хүүхдүүдэд гэрээсээ сурахад үүсэж буй хүндрэл мөн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон юм. Судалгааны үр дүнд хүүхдийн оролцоог хангасан, харилцан үйлдэлтэй, мультимедиа элементүүдээр баялаг, тоглоом хэлбэрт оруулсан тийм контентыг хүүхдүүд хүсэж байгаа нь гарч ирсэн. 

Иймд НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдүүдийн хичээлээр үзсэн онолын мэдлэгийг баталгаажуулах зорилготой анхны интерактив контент боловсруулах ажлыг 2020 оны намар НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/, НҮБ-ын Хүн амын сантай хамтран удирдаж, “Цахим аялал” нэртэй нийт 104 ширхэг интерактив контентыг “Монгол Контент” ХХК-тай хамтран бүтээж,  medle.mn сайт дээр байршуулан хүлээлгэн өгсөн.

Төслийн 2 дахь шатыг “Марчаахай” ХХК болон гар утасны тоглоом бүтээгч “Номадик Бэйр Гэймс” ХХК-тай хамтран 11 сарын турш хэрэгжүүлж дуусаад байна. Энэ төслийн хүрээнд сургуулийн өмнөх болон бага боловсролын сурагчдын сурлага, хөгжлийг дэмжих 150-160 төрлийн тоглоомыг багтаасан 60 шинэ интерактив контент боловсруулснаас гадна анх удаа боловсролын салбарт бүрэн хэмжээний гар утасны “Nomadic Adventure” тоглоомыг бүтээлээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн Андройд гар утсан дээр 5000 гаруй удаа татан авалт хийгджээ.

Бид тоглоомын арга зүйг ашиглан Монгол ёс заншил, ахуй амьдрал, уламжлалт баяр, язгуур урлаг, газар зүйн онцлог, ан амьтдын талаарх суурь мэдлэгийг хүүхэд багачуудад түгээх ялангуяа хилийн чанадад байгаа Монгол хүүхдүүдэд өв соёлоо мэдэж, хадгалж яваасай гэсэн зорилготой бүтээсэн юм гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Боловсролын цахим шилжилт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххүж хэлэв.

Нүүдэлчин соёлыг сурталчлах “Nomadic Adventure” гар утасны тоглоомыг Playstore болон Appstore-оос нээлттэй татан авах боломжтой бөгөөд хичээлүүдийг medle.mn сайтаас үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.


Холбоотой мэдээ