БАЯН-ӨЛГИЙ: 9 сумын нутагт өвөлжилт хүндрэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-19 16:46:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.  

 

Өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангав

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр 2022-2023  оны мал өвөлжилтийн бэлтгэл ажил 89 хувьтай хангагдсан. Малчид 54547 тонн байгалийн хадлан, 9182 тонн гар тэжээл, 4734,1 тонн хужир шүү тус тус бэлтгэн нөөцөлсөн аж. Хадлан бэлтгэлийн төлөвлөгөө 94,4 хувь, гар тэжээл бэлтгэх төлөвлөгөө 119,2 хувь, хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг 78,5 хувьтай биелүүлсэн байна.

Өнгөрсөн 8 дугаар сард аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтнүүд нийт 79 цэгээс дээж авч, бэлчээрийн ургацын гарцыг тогтоосон. Тус ажлын дүнгээс үзэхэд дунджаар нэг га-д 0.9 ц/га ургацтай байв. Зуншлагын байдал нийт нутгийн 20 орчим хувьд хэвийн, 80 гаруй хувьд дунд зэргийн буюу гандуу гэсэн үзүүлэлттэй гарсан.

Бэлчээрийн даацыг тооцоолон гаргасан дүгнэлтээс харахад нийт нутгийн 4 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 6 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн байна. Харин нутгийн 15 хувьд нь даац 3-5 дахин, 45 хувьд нь даац олон дахин хэтэрсэн байдалтай 2022-2023 оны өвөлтэй золгосон юм.

 

Өвөлжилтийн одоогийн нөхцөл байдал

Тус аймгийн хэмжээнд нийт 2 сая 255 мянга гаруй толгой мал өвөлжиж байгаа. Он гарснаас хойш 6131 толгой мал зүй бусаар хорогджээ.

Мөн 13 сум, 1 тосгоны 1 641 өрхийн 429 224 толгой мал отроор өвөлжиж байна. Үүнээс бусад аймгийн нутаг дэвсгэрт 411 өрхийн 90153,  өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 581 өрхийн 105721, сум дундын отрын бүс нутагт 8 өрхийн 7241, хилийн зурвас бүс нутагт 190 өрхийн 74.701, Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 451 өрхийн 151408 толгой мал тус тус отроор оторлож байгаа.

Аймгийн бэлчээр сайтай өндөр уулын бүсүүдэд 11, 12 дугаар сард олон удаа цас орсноор хунгарласан газраа 50-80 см, тал газраа 10 см орчим цасан бүрхүүлтэй болсон.

 Нөхцөл байдлыг сум сумаар танилцуулбал, Алтай сумын бүх багт цас их орж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Алтанцөгц сумын Баянбулаг болон Хаш багийн уулархаг нутгаар 1-2 см  цас орсноос малын бэлчээргүй болж өвөлжилт хүндэрч эхэлж байгаа.

Дэлүүн, Баяннуур, Ногооннуур сумын зарим газар цасан бүрхүүлтэй, цасны зузаан 2-5 см байна. Бугат сумын нутагт цасны зузаан 0,5-10 см, Булган сумын тал газарт 13 см, уулархаг нутгаар 60 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Буянт сумын нутгаар 3-5 см, хунгар газраар 30-40 см цасан бүрхэцтэй. Сагсай суманд цасны зузаан 5-15 см бөгөөд хунгар газруудад 20-50 см байгаа. Толбо сумын нутгаар цасны дундаж зузаан 2-4 см, хунгарын зузаан 10 см, Улаанхус суманд 1 см зузаан цастай байна. Тус сумын 6, 10 дугаар багийн  зарим  газраар энэ сарын 9, 10-ны өдрүүд 30 см орчим цас орсон. Цэнгэл сумын уулархаг нутгаар он гарснаас хойш их хэмжээний цас орсон, бүх багийн нутгаар цасан бүрхүүлтэй байна.

Зудын эрсдэлийн үнэлгээгээр тус аймаг нь нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 13 сумын 9-д нь өвөлжилт хүндрэлтэй байна. Зам даваа хаагдсан, гамшигт үзэгдэл тохиолдсон талаар мэдээлэл бүртгэгдээгүй. Харин нэмж цас орж, цасан шуурга үргэлжлэн шуурсан тохиолдолд бүх суманд цагийн байдал улам хүндрэх төлөвтэй.

 

Орон нутаг, төр засгаас авч буй арга хэмжээ

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мал өвөлжилт, хаваржилт, төл хүлээн авах ажлыг зохицуулах, зохион байгуулах, мэдээлэл хүлээн авах, дамжуулах, шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий штаб байгуулан ажиллаж байна.

Шуурхай штаб нь долоо хоног бүр сумдаас нөхцөл байдлын талаарх мэдээлэл авч, холбогдох газруудад хүргүүлж байна.

Одоогийн байдлаар малчид өөрсдийнхөө бэлдсэн өвс, тэжээлийн нөөцийн 40 орчим хувийг дуусгаад байна.

Аймаг, сумын аюулгүй нөөцөд байгаа 642 тонн өвс, 465 тонн тэжээлийг энэ сарын сүүлээр задална.

Харин энэ долоо хоногт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллах үеэр Цагааннуур чөлөөт бүсийн хашаанд мал оруулах, улсын нөөцөөс 683 тонн тэжээлийг тус аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргалаа.  

Холбоотой мэдээ