ГОВЬ-АЛТАЙ: З.Сарантуяа АНУ-д болох ARNOLD CLASSIC тэмцээнд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-01 10:22:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сард АНУ-д улсад болох Мас-Рестлингийн /модон барилдаан/ ARNOLD CLASSIC тэмцээнд оролцох эрхээ авсан Говь-Алтай аймгийн фитнес, пауэрлифтингийн багш, дасгалжуулагч З.Сарантуяатай ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хотод болсон пауэрлифтинг болон мас-рестлингийн тэмцээнд орон нутгийнхаа баг тамирчдыг ахлан оролцоод ирсэн юм.


-Сүүлийн жилүүдэд залуус пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэх болсон. Үүнийг дагаад Говь-Алтай аймгийн тамирчид улсын чанартай томоохон тэмцээнүүдэд тасралтгүй оролцож байна. Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцоод ирэв?

-Саяхан болсон пауэрлифтингийн ХЭРЭГЛЭЛТЭЙ болон ХЭРЭГЛЭЛГҮЙ хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд Говь-Алтай аймгаас долоон тамирчин амжилттай оролцоод ирлээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн эрэгтэй -105 кг-ын жинд спортын мастер Г.Батболд хүрэл медаль, насанд хүрэгчдийн эмэгтэй -69 кг-ын жинд Н.Мягмарсүрэн мөнгөн медаль, өсвөрийн эмэгтэй -57 кг-ын жинд С.Энхжил аваргын алтан медаль, өсвөрийн эмэгтэй +63 кг-ын жинд Б.Орхон аваргын алтан медаль хүртсэн. Тамирчин Б.Орхон хэрэглэлтэй төрөлд мөн оролцож мөнгөн медаль хүртлээ. 


-Үүний зэрэгцээ баг бүрэлдэхүүнээрээ “NEW GENERATION CUP 2023” Мас-Рестлингийн нээлттэй болон олон улсын тэмцээний эрх олгох томоохон тэмцээнүүдэд оролцсон. Хэчнээн хүний баг бүрэлдэхүүнтэй оролцсон бэ?

-Тийм ээ, бид он гарсаар дөрвөн томоохон тэмцээнд баг бүрэлдэхүүнээрээ оролцохыг хичээлээ. Онцолбол, "New Generation cup-2023" Мас-рестлингийн нээлттэй тэмцээнд Говь-Алтай аймгаас нийт 18 жинд 20 тамирчин оролцож 

-Өсвөрийн эрэгтэй 50кг жинд Б.Нямдаш хүрэл медаль 

-Өсвөрийн эрэгтэй 60кг жинд Т. Төмөрбаатар хүрэл медаль 

-Өсвөрийн эрэгтэй 70кг жинд М.Бат-Ерөөл аваргын алтан медаль 

-Өсвөрийн эмэгтэй 60кг жинд С.Энхжил хүрэл медаль 

Т.Дөлгөөнтуяа аваргын алтан медаль 

-Насанд хүрэгчдийн эмэгтэй 65кг жинд Н.Мягмарсүрэн хүрэл медаль 

-Насанд хүрэгчдийн 65кг жинд З.Сарантуяа аваргын алтан медаль 

-Насанд хүрэгчдийн +75кг Б.Орхон аваргын алтан медаль 

-Насанд хүрэгчдийн 60кг жинд М.Пүрэвмандах хүрэл медаль 

-Насанд хүрэгчдийн -105кг жинд Д.Доржсүрэн хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ. 

Мөн спортын холбоодуудын кропрациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мас-Рестлингийн олон улсын эрх олгох тэмцээнд миний бие оролцож энэ оны гуравдугаар сард АНУ-д болох ARNOLD CLASSIC тэмцээнд оролцох эрхээ авсан. 


-Эдгээр тэмцээнүүдэд баг бүрэлдэхүүнээрээ алс хязгаар нутгаас зорин очоод нэлээд хугацааг зарцуулсан байна. Ер нь ямар ч тэмцээнд оролцоход санхүүгийн асуудал тулгардаг. Та бүхэн энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэв. Орон нутгаас дэмжлэг үзүүлдэг үү?

-Бид бүхэн дээрх тэмцээнүүдэд оролцоход Улаанбаатар хотод хагас сарын хугацаанд байх шаардлага гарсан. Мэдээж зардал мөнгө, байр, хоол гээд багагүй зардал гарсан. Ер нь тэмцээн уралдаанд тамирчид өөрсдөө хувиараа санхүүгээ зохицуулдаг. Энэ удаагийн тэмцээнд Тайшир сумын ЗДТГ, ААН-үүд, бизнес эрхлэгчид болон Мас-Рестлингийн холбооны Тэргүүн Д.Батбилэг нар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн тамирчдын санаачилгаар тэмцээндээ баг бүрэлдэхүүнээрээ оролцохын тулд хандивын бүжгийн үдэшлэг зохион байгуулсан гэх мэтээр энэ удаагийн тэмцээнийхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэж амжилттай оролцоод ирлээ. 


-Улсын чанартай тэмцээнүүдээс гадна орон нутагтаа энэ төрлийн спортуудын тэмцээн зохион байгуулдаг уу?

-Тиймээ жил бүр Алтай фитнесс пауэрлифтийнгийн холбоо болон аймгийн БТСГ-аас тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулдаг. Ойрын хугацаанд тодруулбал хоёрдугаар сарын 4-нд пауэрлифтийнгийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн мөн хоёрдугаар сарын 5-нд Мас-Рестлингийн нээлттэй тэмцээн тус тус болох гэж байна.


-Мас-Рестлинг буюу модон барилдааны спорт бусад спортоос юугаараа онцлогтой вэ? Сонирхон хичээллэх хүүхэд залууст мэдээлэл өгвөл?

-Мас-рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Саха /Якут/-ийн ард түмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны спорт. Энэ спорт нь хүүхэд, залуучуудад хүмүүжил, төлөвшил, бие бялдар, оюун санааны боловсрол олгох ач холбогдолтой халз тулааны спортын нэгэн төрөл юм. Мас-рестлингийн спортоор хичээллэхэд гар, хөл, нурууны булчингаас маш их хүч шаарддаг. Тамирчид нэгнийхээ өөдөөс гарч ирж суугаад талбайг тусгаарлаж буй тусгай төхөөрөмж бүхий самбарт хөлөө түшиж, модон саваа татан хүчээ үздэг. 




-Өөрийг тань Алтайнхан фитнесийн Сараа багш гээд хэдийнэ таньдаг болжээ. Ер нь спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би багаасаа спортод их дуртай жүдо бөхөөр хичээллэдэг хүүхэд байсан. Анх 2003 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Манай гэр бүл 2004 онд Багануур дүүрэгт амьдрахаар шилжсэн. Тэндээ 2009 оноос пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж, 2011 оноос фитнесийн багш дасалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2016 онд анхны пауэрлифтингийн анхны тэмцээн болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байлаа.

2017 онд ОХУ-ын Москва хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Ингээд пауэрлифтингийн спортоор хичээллэж байгаад 2021 онд төрөлх Алтай нутгаа зорин ирж эндээ суурьшаад байна. Гол зорилго маань дасгал хөдөлгөөнийг орон нутгийн иргэддээ таниулан дэлгэрүүлье, эрүүл амьдралын хэв маягийг түгээе мөн өөрийн хичээллэдэг спортуудаар тив, дэлхийн олон тамирчин бэлтгэх их хүсэл эрмэлзэлтэй нутгаа зорин ирж байлаа. Ганцхан жилийн хугацаанд чамгүй их ажлын ард гарсан байна. Өөрийн зорилгоо ч биелүүлж чаджээ, цаашид ч хичээсээр байна. Богинохон цаг хугацаа ч гэсэн чамгүй амжилтыг гаргаж, өсвөрийн тамирчид маань ч хүртэл Монгол Улсын рекордыг эзэмшиж эхэлсэн байна. 

-Ярилцсанд баярлалаа. 


Холбоотой мэдээ