БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуур сумын 3 газарт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-31 15:43:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.


Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзийгийн өгсөн мэдээллээр тус сумын Цагааннуур тосгоны Өргөн ширээт хэмээх газарт өвөлжиж байгаа малчин Д-гийн хотноос 5 тооны үхэр өвчилсөн талаар дуудлага иржээ. Тус газраас дуудлагын дагуу тархвар зүйч, малын их эмч нарыг энэ сарын 27-ны өдөр илгээж шинжилгээ хийх эдийн болон цусны дээж авчээ. Мөн маргааш өдөр нь Ногооннуур сумын 5 дугаар багийн нутаг болох Арал толгой хэмээх газарт малчин Ж-гийн 3 үхэр, сумын төвд амьдардаг иргэн Ө-гийн нэг бяруу өвчилсөн тухай дуудлага ирсэн аж.


Аймгийн Мал эмнэлгийн газрын эмч, мэргэжилтнүүд дээрх 2 цэгээс мөн дээж авч, өнөөдөр Улаанбаатар хот дахь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори руу шинжлүүлэхээр илгээсэн байна.


Өвчний шинж тэмдгүүдийг үндэслэн дээрх иргэдийн мал шүлхий өвчнөөр өвчилсөн гэсэн урьдчилсан онош тавиад байгаа гэдгийг тэрээр онцлов.   

Холбоотой мэдээ