АРХАНГАЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтын нэгдүгээр улирлын бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-01 10:17:30

Архангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан.


Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн.


Энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэлийг 2 дугаар сарын 1-ний өдрийн 9.00 цагт эхэлж, 3 дугаар сарын 3-ны 9.00 хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар явуулна.


Хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих, төрийн албаны шалгалтыг төрийн байгууллагын бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүндрэл чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, сонгон шалгаруулалтын орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх, нийгмийн хэрэгцээ, шаардлагаас үүдсэн практикт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд Төрийн албаны зөвлөл 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам", "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ыг нэгтгэж “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.


Мөн Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ыг баталсан бөгөөд улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах хүсэлтэй иргэд ерөнхий шалгалтаар нөөцөд бүртгэгдэж, тусгай шалгалтад өрсөлдөн төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах боломжтой болжээ.


Цаашид төрийн тусгай, төрийн үйлчилгээний зарим удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгах жагсаалт батлагдахтай холбогдуулан дээрх албан хаагчид болон төрийн албанд ажиллах хүсэлтэй нийт иргэдийг төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлээ баталгаажуулж, оролцохыг урьж байгаа аж.

Холбоотой мэдээ