“PayPal” компани 2000 ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-01 12:55:13

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотод төвтэй цахим төлбөр тооцооны “Paypal” компани “макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан” 2000 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 7 орчим хувийг цомхотгохоор болжээ.  


Paypal” цомхотголоо хүндрэлтэй нөхцөл байдалд илүүтэй өртөж буй компаниудаас ойрын долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани нь “Venmo, Xoom, Honey зэрэг олон компанийг эзэмшдэг.


Технологийн компаниуд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ажиллах хүчээ цомхотгох болоод байгаа бөгөөд нэгдүгээр сард л гэхэд “Google, Microsoft, Salesforce зэрэг томоохон компаниуд олон арван мянган ажилтнаа цомхотгохоо мэдэгдсэн юм.


Өнгөрсөн зун “Elliott Management хөрөнгө оруулалтын фирм “Paypal компанийн ойролцоогоор 2 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хувьцааг худалдаж авсан бөгөөд мэдээлэл солилцох гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.


“PayPal” компанийн гүйцэтгэх захирал Дэн Шульман мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид макро эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасны зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсэн. Мөн зардлынхаа бүтцийг зөв зохистой болгох, нөөц бололцоогоо стратегийн үндсэн тэргүүлэх чиглэлдээ төвлөрүүлсэн ч цаашид хийж гүйцэтгэх ажил их байна” гэдгийг онцолжээ.


“Paypal” компани хоёрдугаар сарын 9-нд улирлын тайлангаа танилцуулахаар товлоод байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд 53 орчим хувиар унасан бол мягмар гарагт 2.3 хувиар өсөж, 81.49 ам.долларт хүрсэн байна.


Д. Амартуяа

Холбоотой мэдээ