Монгол, Кубын харилцааг шинэ агуулгаар баяжуулах ажилд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-02-02 17:58:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёрдугаар сарын 1-нд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо. 


Тэрбээр Латин Америкийн мэдээллийн “Пренса Латина” агентлагийн Ерөнхийлөгч Луис Энрикэ Гонзалес Акостагаас МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогост тус агентлагийн даргаар томилогдсонд баяр хүргэсэн захидлыг гардуулан өгөөд, олон жилийн түүхтэй хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Куба, Монголын ард түмнээр дамжуулан нийт Латин Америкийн орнуудын харилцааг сэргээж, илүү идэвхжүүлэх, сэтгүүлчдээ харилцан солилцох, залуус хоорондын болон төрийн бус байгууллагууд, нийгмийн харилцааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дотроо МОНЦАМЭ агентлагийн оролцоо чухал гэв. 


Түүнчлэн Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес Куба улс нь алдарт навчин тамхинаасаа гадна, анагаах ухаан, эм зүй, биотехнологийн дэвшил, ололт амжилтаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг. Тус улсын эмч нар уушгины хорт хавдрын дэлхийн анхны вакциныг бүтээж, албан ёсоор бүртгүүлсэн. “CIMAVAX-EGF” нэртэй энэхүү вакциныг Хаванагийн молекулын дархлаа судлалын төвийн эрдэмтэд 15 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд гарган авчээ. Уушгины хорт хавдрыг уушгины архаг өвчний түвшинд зогсоож, хавдартай хүний амьдралыг 10 хүртэл жилээр уртасгадаг энэхүү вакциныг Итали зэрэг улсууд руу экспортолж байна. Мөн чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлийн шархлаа, элэгний В, С вирусний эсрэг эмүүдийг гарган авсан юм. Дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахал дэгдсэний дараа уг халдвараас сэргийлэх вакциныг тус улс дотооддоо гарган авсан анхны орнуудын нэг болсон хэмээн онцолж, ганц Кубын ард түмний биш бүс нутгийн хэмжээний ололт дэвшлийг Монголд түгээн таниулах, хуваалцах, түүхт улс үндэстнүүдийнхээ бахархал болсон өнгөрсөн харилцааг сэргээж, улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг тус агентлагт зочилж буйд талархал илэрхийлж, улс төр, дипломат харилцааг хүмүүс хоорондын харилцаа бодитой болгож өгдгийг онцлоод, ийм харилцааг идэвхжүүлэх, хоёр орны хооронд мэдлэг солилцох, өнөөгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, өргөжүүлэх чиглэлээр МОНЦАМЭ агентлаг хамтарч ажиллахад бэлэн байна гэв. Мөн цаашид Элчин сайдын яамтай хамтран ажиллахад нээлттэй, уламжлалт монгол бичгээр гаргадаг "Хүмүүн бичиг" сониноос гадна, таван хэлээр түгээдэг мэдээллийн сувгаа ашиглан Куба орныг монголчуудад өргөн хэмжээнд таниулан сурталчлах боломжтой гэдгийг онцоллоо. 


Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь Пренса Латина агентлагтай анх 1970 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 2018 онд уг гэрээг шинэчлэн байгуулсан юм.  Мөн Пренса Латина агентлагийн дарга Луис Энрикэ Гонзалес Акоста 2019 онд Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ МОНЦАМЭ агентлагт зочилж байв.


Куба бол 63 жилийн тэртээ манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон болж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Монгол, Кубын харилцаанд олон талт хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг бөгөөд НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг (G77) зэрэг олон талт механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тус улс нь энэ оноос 77-гийн бүлгийг даргалж байгаа бөгөөд Боловсролын сайд нарын уулзалтыг Хавана хотод энэ өдрүүдэд зохион байгуулах юм. 

Холбоотой мэдээ