Тогтвортой хөгжлийн боловсролыг эцэг, эхийн зөвлөлөөр дамжуулан олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-02 17:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн цэцэрлэг, сургууль Эко зөвлөл байгуулан, эцэг, эхчүүдийг татан оролцуулж, тэдний саналаар үйл ажиллагаагаа тогтвортой хөгжил, экологид суурилуулан ажиллаж байна. Үүнд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV цэцэрлэг орж байна.  Тус цэцэрлэгийн багш Н.Отгонгэрэл дээрх туршлагаа өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болсон “Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр"-ийн Үндэсний YII чуулганд оролцогчидтой хуваалцлаа.  




Тэрбээр хэлэхдээ, бид чуулганд ахисан түвшний үнэлгээ болох эко “Ногоон туг”-ийн болзол ханган ирж өргөмжлөлөө аван оролцож байна.

Анх бид “Эко сургууль-цэцэрлэг хөтөлбөр”-т оролцохдоо цэцэрлэгийнхээ гадаад орчноо л ногоон болгочихвол боллоо гэж боддог байсан бол одоо бид энэ бол хүүхэд, залуучууд, ер нь хүмүүс бүхий л талаараа тогтвортой амьдарч суралцах хамаарал бүхий нийгмийн зорилго, чиглэлтэй шинэчлэл юм гэдгийг мэдэрч, сэтгэхүй, хандлагаа өөрчилж эхэлсэн гэв.




Чуулганд нийслэл, орон нутгийн 560 гаруй эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, холбогдох яамд, харьяа газрууд, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцов. Чуулганаар Тогтвортой хөгжлийн боловсролын дэлхийн улс орнуудын тэргүүлэх 5 чиглэлийг сургуулийн өмнөх боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрт тусгах талаар мөн хөндөн ярилцлаа. 


Чуулганд оролцогч зарим төлөөллийн үгийг хүргэвэл, Орхон аймгийн 5 дугаар сургуулийн захирал Ц.Чимэддулам, “Бид хүүхдүүдэд ээлтэй, таатай ногоон орчинг бүрдүүлснээр тэдэнд багаасаа байгаль, эх дэлхийгээ хайрлах, мэдэх боловсролыг олгож, энэ үйл ажиллагаа маань улам өргөжиж байна” гэв.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, Сургуулийн өмнөх боловсролын шатанд өнөөдөр 1400 цэцэрлэг байгаагаас 215 нь ногоон орчинг бүрдүүлэн “Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч” байгууллага болон аймаг, орон нутагт өргөжиж байна гэв.



Дэлхийн Байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг, “Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр" Монгол Улсад 2011 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тасралтгүй үйл ажиллагааны дүнд нийт 344 ЕБС, 215 цэцэрлэг, 40 хувь, мөн хоёр жилийн өмнөөс улсын хэмжээний 70 гаруй МСҮТ, коллежоос 10 нь нэгдэн хамрагдаад байна гэв.




Тэрбээр, жил бүр сургууль, цэцэрлэгүүдийн тухайн жилд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг 10 гаруй үзүүлэлтээр үнэлэн, олон улсын байгууллагуудын ISO 14001 стандарт системд тулгуурлан суурилсан “Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол”-ыг дэмжигч болгон “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, “Ногоон туг”-ийн түвшинд хүрсэн сургууль, цэцэрлэгийг шалгаруулж ирснийг онцолж, 2022 онд 100 гаруй сургууль түвшин ахиж орж ирснийг тодотголоо. 




Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ