Хандгайт тосгонд аялал жуулчлал, эдийн засгийн бүс байгуулахад хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-03 08:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс эхний ээлжинд хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Хөрш улсуудтай хийх худалдаа, үйлдвэрлэл, хамтын ажиллагааг хил орчмын бүсүүдэд мөн тулгуурлаж буй. Үүний жишээнд баруун бүс орж байна.


ОХУ-ын Тува улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ондар Сергей Конзан-Оолович тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт айлчлах үеэр хоёр тал хил орчмын аялал жуучлал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан юм.


Тэд Монголоос шаардлага хангасан мах авч боловсруулах, социализмын үед Тувад эрхэлж байсан чацарганы аж ахуйгаа сэргээх үүднээс чацаргана тариалах туршлага судлах, арьс шир боловсруулах технологитой танилцан, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг хамтран сургаж, харилцан солилцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Эхний ээлжинд хамтын ажиллагааны хүрээнд мах, махан бүтээгдэхүүнийг хил гаалиар түр хугацаагаар нэвтрүүлж, өвс тэжээл харилцан солилцохоор тохироод байна.


Манай улсын баруун аймгийн удирдлагууд ОХУ-ын Тува, Буриад улсуудтай харилцах нь ОХУ-ын өргөн зах зээлд гарах, улмаар Европын зах зээлд нэвтрэх гарц, боломж гэж харж буйгаа илэрхийлжээ. Харин ОХУ-ын хувьд Монгол Улсаар дамжин Ази, Номхон далайн болон Зүүн өмнөд Азийн орнууд руу нэвтэрч, экспорт, импортын харилцааг сайжруулахах сонирхолтой байна.


Тува улсын төлөөлөгчид Хандгайт тосгонд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар 2023 оны 3 дугаар сараас ажлаа эхлүүлж буйг дуулгасан юм. Ингэснээр хоёр орны бизнес, худалдаа эрхлэгч нар гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг татваргүй нэвтрүүлэх боломж үүсэх аж. Мөн хил орчмын алал жуулчлалыг нээлттэй, чөлөөтэй хийх нөхцөл бүрдэх юм. 


Манай улсын хувьд "Зочлох жил"-ийн хүрээнд хөрш орны хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа ОХУ-ын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин, энэ онд хойд хөршөөс 250 мянган жуулчин татах, аялал жуучлалын мэдээллийн платформ нээж сурталчлах зэрэг хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ