ДАРХАН-УУЛ: “HK” групп хог боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-03 15:31:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/-ны төлөөлөл БНСУ-д зохион байгуулж буй “Бизнес форум 2023”-д оролцож байна. АОЭХ-ны гишүүн байгууллагын төлөөлөл HK группийн удирдлагуудтай уулзаж, гоо сайхны болон кофены үйлдвэр, ухаалаг био фермийн технологи ажиллагаа болон үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй танилцаж цаашид хамтран ажиллах талаар компанийн захирлуудтай санал солилцсон аж.



Эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, хамтын ажиллагааны арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчид группийн харьяанд байдаг үйлдвэрүүдтэй танилцсан байна. БНСУ-ын Янжү, Гимпо, Чанвонь гэсэн гурван хотод хог хаягдал дахин боловсруулдаг томоохон үйлдвэр байрладаг аж. Харин өндөр технологийн үйлдвэр нь Мирян хотод байдаг. 100 сая долларын өртөгтэй бүрэн автомат үйлдвэрт өдөрт 100 тонн хог боловсруулж техникийн тос, газ, эрчим хүч гаргаж авдаг байна. Малын хаягдал арьс шир, ясыг дахин боловсруулж тос, бордоо ч гаргадаг аж.





Аймаг орон нутгийн засаг захиргаанаас хүсэлт гарган албан ёсоор гэрээ хэлэлцээр хийвэл БНСУ-ын HK группээс хог боловсруулах үйлдвэр байгуулахад Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах боломжтойг группийн ерөнхийлөгч илэрхийлжээ.


Байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх, шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлж дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжтой тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг нутагшуулахад хөрөнгө оруулалт татах боломж бидэнд байгааг АОЭХ-ны төлөөлөл онцлов.



Энэ сард БНСУ-ын HK группийн ерөнхийлөгч манай улсад айлчилж Монголоос олон улсын худалдаа үйлдвэрлэлийн холбооны анхны гишүүн болсон компаниудын төлөөлөлтэй ахин уулзаж цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажуулахаар болжээ.




Уг форумыг “HK-IC1A-Mongolia Олон Улсын Худалдаа Үйлдвэрлэлийн холбоо, олон улсын худалдаа үйлдвэрлэлийн холбооны Монгол дахь салбар, нийслэлийн ажил олгогч эздийн холбоо хамтран БНСУ-ын Сөүл хотноо эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, хамтын ажиллагааны үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ