“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын цэцэрлэгийг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү төслийн
гэрээнд Япон Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Хэргийг түр хамаарагч И.Кояма болон Өвөрхангай
аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гарын үсэг зурав.
Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийх юм.
Тус цэцэрлэгийн А байр 1988 онд ашиглалтад орсон, олон жилийн
эдэлгээний явцад ихэд хуучирч, дээврээс дусаал гоожиж, тааз болон хананд хөгц мөөгөнцөр
үүссэнээс гадна зэвэрч хуучирсан дулааны шугам хоолой задрах эрсдэлтэй төдийгүй
хэд хэдэн газарт нүхжилт үүсч, ус алдах зэрэг асуудалтай болжээ. Энэ удаагийн
төслийг хэрэгжүүлснээр тус цэцэрлэгийн хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд
сурч хүмүүжих таатай орчин бүрдэх юм.
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ, "Манай аймаг 19 сумтай. Нийт 35 ЕБС-тай. "Өвсний үндэс" хөтөлбөр энэ удаа манай
аймагт 19 дэх төслөө хэрэгжүүлж байна. Энэхүү гэрээг байгуулснаар үйл ажиллагаа
эхэлж байна. Худалдан авах тендерийн үйл ажиллагааг 6 дугаар сард эхлүүлж, засварыг 9 дүгээр сарын
1-нд дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр хүүхдүүд иж бүрэн засвар хийсэн шинэ
цэцэрлэгийн анги танхимдаа хичээллэх боломж бүрдэх юм. Энэ
ташрамд санхүүжилтийг шийдвэрлэж байгаа Япон Улсын Засгийн газар, ЭСЯ-нд талархал
илэрхийлье” гэв.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг
хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй
тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс
буцалтгүй тусламжийн 589 дэх, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх 19 дэх төсөл болж
байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 239.626
ам.доллар буюу 754 821 996 орчим төгрөг юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүргийг гүйцэтгэдэг.