БАЯН-ӨЛГИЙ: Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 16,4 оноогоор буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-07 14:37:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргадаг. Тухайн судалгаагаар аймгуудын хөгжил дэвшлийг 180 үзүүлэлтээр олон улсын аргачлалын дагуу хэмжин тодорхойлдог.


Саяхан олон нийтэд танилцуулсан "Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2022"-гаас харахад Баян-Өлгий аймаг 53,99 оноогоор 13 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оны байраа хадгалсан үзүүлэлт боловч өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ нь 16,4 оноогоор буурсан аж.


Тус аймгийн хувьд судалгааны үндсэн үзүүлэлтүүд болох эдийн засгийн тамир тэнхээрээр аймгуудаас 21 дүгээр байр, засаглалын үр ашгаар 14 дүгээр байр (өмнөх оныхоос 5 байраар ухарсан), бизнесийн үр ашигаар 8 дугаар байр (өмнөх оныхоос 5 байраар ухарсан), дэд бүтцээр 13 дугаар байр (өмнөх оныхоос 7 байраар ухарсан) эзэлсэн байна.



Үүнээс хүн амын амьжиргааны түвшингээр 2 пунктээр (18 дугаар байр), аймгийн төсөв 1 пунктээр (17 дугаар байр), институцийн тогтолцоогоор 1 (16 дугаар байр), бизнесийн эрх зүйгээр 5 пункт (14 дүгээр байр), нийгмийн тогтолцоогоор 2 пунктээр (6) тус тус урагшилжээ.


Судалгааны тайланд дурдсан Баян-Өлгий аймгийн давуу талууд гэвэл, ерөний боловсролын сургуулиудын сурагч-багшийн харьцаа, номын сангийн уншигчдын тоо, хүн амын цэвэр өсөлт, төрөлтийн ерөнхий коэффициент, нас баралтын ерөнхий коэффициент, байгууллагын хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтээр улсад тэргүүлж байна. Мөн мэргэшсэн ажиллах хүч, гэмт хэргийн тоо (бага), чадварлаг удирдах ажилтан, гадаад зах зээл, дундаж наслалтын үзүүлэлтээр аймгуудаас 2 дугаар байр, банкны зээлийн хүүгийн үзүүлэлтээр 3 дугаар байр эзэлсэн.


Харин дундаж цалин, хүн амын ачаалал, зээл, хадгаламж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил, татвараас зайлсхийх, авлига, хээл хахууль, төрийн үйлчилгээ, цахилгааны эх үүсвэртэй малчин өрхийн тоо, нийгмийн хариуцлага, тохижилт, мэдээллийн байгууллага, бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдээр сүүлийн байруудад жагссан байна.


Эдгээр нь аймгийн өрсөлдөх чадварын үнэлгээнд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, эдийн засгийн үзүүлэлтээрээ 8 пунктээр доошилж 15 дугаар байр, бизнесийн орчноор 7 пунктээр ухарч 10 дугаар байр, санхүүгийн байдлаараа 2 пунктээр ухарч 4 дүгээр байр, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмжээр 4 байраар доошилж 7 дугаар байр, менежментийн хэвшлээр 12 байраар ухарч 17 дугаар байр, үндсэн дэд бүтцээр 6 байраар ухарч 20 дугаар байр, технологийн дэд бүтцээр 14 байраар ухарч 20 дугаар, боловсрол, соёлын дэд бүтцээр 3 пунктээр доошилж 11 дүгээр байрт тус тус жагсжээ.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тус аймгийн төрийн байгууллагуудын үйлчилгээ уялдаа холбоогүй, хүнд сурталтай байгааг анхааруулж, бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох, банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн таатай нөхцөл бүрдүүлэх, барилгажилт, ногоон байгууламжид түлхүү анхаарах, мөн төсвийн зарцуулалт ил тод байх шаардлагатай хэмээн зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ