БАЯНХОНГОР: Зарим суманд 16 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-08 15:23:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2023 оны А/56 дугаар захирамжаар томилогдсон “Шуурхай бүлэг” өвөлжилт хүндэрсэн Хангайн сумдад ажиллаж, үүссэн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой комисст танилцуулав.

Тус аймгийн нутгаар энэ сарын 6-ны өдөр орсон цасны улмаас Галуут сум 7 см, Жаргалант сум 5 см, Шаргалжуут 15 см, Эрдэнэцогт сум 16 см цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн байна. 

Нөхцөл байдалтай холбогдуулан Галуут, Өлзийт, Эрдэнэцогт суманд улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссоос олгохоор шийдвэрлэсэн өвс тэжээлийг орон нутагтаа татан авч төвлөрүүлэх, Эрдэнэцогт суманд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон тул Онцгой байдлын газрын Ковш-50 загварын хүнд машин механизмыг тус суманд байршуулж үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ. Ингэснээр малчдад эрүүл мэндийн болон бусад төрлийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлгүй болох юм.

Холбоотой мэдээ