Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-09 13:29:06

НЬЮ-ЙОРК. /CNBC/. АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 12 дугаар сард урьдчилан таамаглаж байснаасаа 0.9 хувиар ахиулж, 5 хувьд хүргэсэн талаараа лхагва гарагт мэдэгджээ.


Хятадын эрх баригчид “ковидыг тэглэх” бодлогоо 2022 оны сүүлээр сулруулснаас хойш эдийн засгийн идэвхжил нь урьдчилан таамаглаж байснаас хурдан сэргэж байгааг тус агентлаг онцолсон байна.


Мөн Хятадын худалдан авалтын менежерийн индекс /PMI/ өсөх төлөвтэй байгааг дурджээ. Тус улсын аж үйлдвэрийн салбарын PMI индекс 12 дугаар сард 47 байсан бол нэгдүгээр сард 50.1 болж өсөж, үйлчилгээний салбарын PMI индекс 54.4 гарсан нь 2022 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Тус улсад цар тахалтай тэмцэх хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулсны дараа халдварын томоохон давлагаа дэгдсэн ч сүүлийн үед намжиж буй байдал ажиглагдаж байгааг мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна. Хятадын ДНБ-ий 12 дугаар сарын өсөлт “Fitch”-ийн урьдчилан таамаглалыг давсан юм. 

Холбоотой мэдээ