ДАРХАН-УУЛ: Жижиг, дунд бизнес эрхлэгчид дундын оффис, бизнес уулзалтын өрөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-09 19:10:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /ЖДҮДТ/ үйл ажиллагаагаа сайжруулан өөрийн байрандаа засвар шинэчлэлийг хийжээ. 


2008 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн ЖДҮДТ нь засвар шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэгч иргэн, хоршоодын бизнес төлөвлөлт хийж, амжилттай ажиллахад нь сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангахад зориулсан дундын оффис болон хөрөнгө оруулагчдын уулзалтын тусгай өрөө, танхимыг бий болгожээ. Мөн тус төв нь бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, хоршоод, ААНБ-д тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, түрээсийн байраар хангах зорилготой юм.



Дундын оффисыг ажлын өдөр, ажлын цагаар ашиглах боломжтой бол бизнес уулзалтын тусгай өрөө нь /VIP/ Дархан-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, төлөөлөгчидтэй уулзалт хийхэд зориулагджээ. 




Мөн үзэсгэлэнгийн танхим нээсэн байна. Тус үзэсгэлэнгийн танхимаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлчдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдах боломжтой бөгөөд борлуулалтын ашиг орлого нэмэгдэх давуу талтай гэж тус төвийн захирал Б.Ганбаяр өнөөдөр болсон инновац, стартап, хоршоо дэмжих болон бизнес vip өрөөний нээлтэд хэлсэн үгэндээ тодотгосон.



Тус төвийн үйл ажиллагааг илүү сайжруулахад орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж, дэмжихийн зэрэгцээ бизнес эрхлэгчидтэй уулздаг мэдээллийн цагтай болох санаачилгыг дэвшүүлсэн аж. Цаашлаад Дарханы гэх тодотголтой брэнд бүтээгдэхүүнийг илүү олон болгох, хэрэглэгчдээ мэдэрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бодлогын түвшинд дэмжиж ажиллана гэж аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан онцоллоо.




Ташрамд дурдахад, тус төвд гарааны бизнес эрхлэгчдийг бойжуулдаг. Тодруулбал, бууз, банш, талх, нарийн боовны цех, гар урлал, хэвлэл, модон эдлэл, эсгий ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг бүх чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь бодлогоор дэмжиж, хямд үнэтэй түрээсийн байраар ханган ажилладаг ажээ.

Холбоотой мэдээ