Монгол, БНСУ: Стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-02-16 14:44:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1990 оны гуравдугаар сарын 26-нд Монгол Улс ба БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, эрс идэвхжсэн билээ. Монгол Улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орж, гадаад харилцаагаа нээлттэй болгосноос хойш хамгийн түрүүнд БНСУ-тай  дипломат харилцаа тогтоож байв.


Өнгөрсөн 33 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа  нь 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай Протокол”, 1991, 1999, 2006, 2011 оны дээд түвшний айлчлалуудын үеэр байгуулсан “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл”, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан тууштай хөгжиж ирлээ.


Улмаар 2021 онд хоёр улсын төрийн тэргүүн нар цахим уулзалт хийх үеэрээ хоёр талын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр тохиролцсоноос хойш анх удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд БНСУ-д айлчилж байна. 


Эдийн засгийн харилцааг эрс идэвхжүүлнэ

1988 онд болсон Сөүлийн Олимпын тоглолтын дараачаас Монгол Улс-Өмнөд Солонгосын хооронд худалдааны харилцааны эх суурь тавигдсан гэж үздэг. “Монголимпекс” нэгдэл Өмнөд Солонгосын Засгийн газрын дэргэдэх худалдааг дэмжих “КОТРА”  агентлагийн Хонконг дахь салбараар дамжуулан гэрээ байгуулж, Монголоос угаасан ноос, зэсийн баяжмал, хаягдал төмөр зэргийг экспортолж, “Самсунг электроникс” компаниас стерео хөгжим, өнгөт телевизор зэрэг барааг худалдан авч байв.


Ерөнхийд нь харвал, хоёр улсын улс төр, боловсрол, соёл хүмүүнлэг гээд олон салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Харин тодорхой объектив хүчин зүйлсийн нөлөөгөөр, тухайлбал, Монгол Улс далайд гарцгүй зэргээс шалтгаалан  худалдаа-эдийн засгийн харилцаа бусад салбарынхтай харьцуулахад хүрч болох түвшнээс доогуур, чамлалттай байгаа нь үнэн. 


Хоёр талын нийт худалдааны эргэлт 1990-2015 оны хооронд 100 дахин нэмэгдсэн хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ хүсэн хүлээсэн түвшинд хүрээгүй байна. Нийт бараа эргэлт 2019 оны 12 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 294,8 сая доллар болж, үүнээс манай улсын импортолсон барааны үнийн дүн  266,9 сая  доллар,  экспорт 27,8 сая доллар байв. Харин 2022 оны гүйцэтгэлээр 700 гаруй сая долларт хүрч эрс өслөө.


Эдгээр тоог харвал, хоёр орны нийт худалдаанд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ нь манай экспортын бараанаас үнийн дүнгээрээ даруй 10 дахин их байгаад дүгнэлт хийж, цаашид худалдааны тэнцвэртэй байдлыг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх нь Монголын хувьд чухал зорилт болж байна.


Дэлхийд тэргүүлэх технологитой, дэлхийн худалдаа, эдийн засгийн харилцаанд томоохон байр суурь эзэлдэг, гадаадын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болох БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замуудын нэг бол хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” буюу Чөлөөт худалдааны гэрээ байгуулах явдал юм.


Монгол Улсын хувьд уг гэрээг байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай, түүхий эдийн үнийн савлагаанд өртөмтгий эмзэг эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Эл зорилгын хүрээнд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын явцад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн хэлэлцээг эхлүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд холбогдох сайд нар гарын үсэг зурсан нь айлчлалын чухал үр дүн мөн. Уг хэлэлцээрийг байгуулахад чиглэсэн хамтарсан судалгааг 2021 онд дуусгасан бөгөөд дотоодын процедураа хангаж, ажлын даалгавраа тохиролцсоноор хэлэлцээрийн төслийн яриа, хэлэлцээ эхлэх ёстой.


Мөн айлчлалын үеэр хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.


Ташрамд дурдахад, 2020 онд Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)”-т нэгдэн орсон нь хоёр талын худалдаанд харилцан хөнгөлөлт үзүүлэх анхны хэлэлцээрийн хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болох учиртай.


Айлчлалын хүрээнд “Монгол, Солонгосын бизнес форум”-ыг зохион байгуулсан нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Солонгосын томоохон компаниудад мэдээлэл өгсөн чухал үйл явдал боллоо.

Тоо баримт дурдахад, 1990-2019 он хүртэлх 30 жилийн хугацаанд БНСУ-аас нийт 545,8 сая .долларын хөрөнгө оруулалт хийгдэж, тус улсын нийт 1490 компани Монголд бүртгэгдсэн байна. БНСУ-аас манай улсад 1991-2018 онд 238,8 сая долларын буцалтгүй тусламж, 1993-2018 онд 143,1 сая долларын хөнгөлөлттэй зээлүүдийг тус тус олгожээ.  


Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах томоохон бүтээн байгуулалтад БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцохыг урив. Солонгосын тал дагуул хот байгуулах Монголын талын төлөвлөгөөг дэмжиж байгаа бөгөөд БНСУ-ын “K-Сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод ухаалаг хот” төслийн цар хүрээг өргөжүүлнэ гэдгээ илэрхийлэв.


Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахад чиглэсэн “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийллээ.  


Түүнээс гадна, Монголын байгалийн баялгийг БНСУ-ын ноу-хау, дэвшилтэт технологитой хослуулах замаар газрын ховор металлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит түлхэц болно. Энэ хүрээнд хамтран ажиллах хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулж, “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монголд байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.


...Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш”, нэг бүс нутагт орших БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувьд нэн чухал болой.

Холбоотой мэдээ