Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 25.6 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-22 08:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 259.2 (25.6 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, 141.2 (14.9% хувь тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ нэгдүгээр сард 1.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 31.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 326.6 (91.2 хувь) тэрбум төгрөгөөр  багассан байна.

Татварын нийт орлого энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 996 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 96 (10.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 116.1 (2.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 91.5 (43.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 33.6 (17.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин бусад төрлийн татварын орлого 166.1 (73.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 22.4 (28.9 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Татварын нийт орлогод энэ оны 1 дүгээр сарын байдлаар орлогын албан татварын эзлэх хувь 10.5, нэмэгдсэн өртгийн албан татварынх 6.9, гадаад үйл ажиллагааны орлогынх 2.8, нийгмийн даатгалын орлогынх 1.3 нэгж хувиар өсөж, харин бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 18.4, онцгой албан татварын орлогынх 3.1 нэгж хувиар буурлаа.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 1 сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 185.5 (14.2 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Зарлага буурахад урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 140.5 (17.2 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна. Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь 2023 оны 1 дүгээр сард өмнөх оны үеийнхээс 1.4, хүүгийн зардал 8.3 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 9.5, татаас 0.2 нэгж хувиар багаслаа. 


Хөрөнгийн зардал 2023 оны 1 дүгээр сард 44.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 145.7 (76.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 140.8 (82 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны 1 дүгээр сард 281.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.7 (74 хувь) тэрбум, нийт зарлага 291.7 тэрбум төгрөг болж, 78.4 (36.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж. 

 

Холбоотой мэдээ