АРХАНГАЙ: “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын болон орон нутаг, бусад эх үүсвэрээс хөрөнгө гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-01 08:52:49

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар баталсан. Хөтөлбөрт дараах чиглэлүүдийг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон оруулжээ. Үүнд:


-Архангай аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох хүний хөгжил, хөдөө аж ахуй, байгальд ээлтэй аялал жуулчлал гэсэн чиглэлээр амьдрах таатай орчин бүрдүүлэх, дэд бүтцийг өргөтгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, уялдаа холбоог хангах, хөрөнгө оруулалт татах чиглэлд идэвх санаачилга гаргах;


-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлж, аймагтаа ажлын байр нэмэгдүүлэх; 


-Боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;


-Үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аймгийн брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон сурталчлах, үйлдвэрлэл, аялал жуулчлал гэх мэт бодит хөрөнгө оруулалт оруулах салбараа эрэмбэлэн хөгжүүлэх, иргэдийн тогтмол орлого олох боломжийг эрэлхийлэх;


-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэдээллээр хангах, тэднийг аймаг орон нутагт шилжин ирж суурьшин амьдрах сэдлийг төрүүлэх, хандлагыг өөрчлөх, амьдрах таатай орчин бүрдүүлэх, мэдээллээр хангах чиглэлд аймаг, орон нутаг манлайлан оролцож, эдгээрт чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулж тогтмолжуулах;


-Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад тавих хяналтыг нэмэгдүүлэх гэжээ.


Хөтөлбөрийг 2022 оны 12 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд шилжин ирэгсдийг угтах, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сар хүртэл идэвхжүүлэх аж.


Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хөгжлийн хөтөлбөрүүд, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгө, хувийн хэвшлийн хандив, тусламжийн хөрөнгө зэргээс бүрдүүлэхээр зааж өгчээ.  


“Нээлттэй Архангай” хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлтийг аймагт шилжин ирсэн иргэдийн бодит тоон өсөлт 10 хувиас дээш нэмэгдсэн эсэх, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, аялал жуучлал гэх мэт бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн тоо, аймгийн хэмжээнд шинээр бий болсон ажлын байр, иргэд, ААН байгууллагууд, олон нийт рүү чиглэж тэдгээрийг татах чиглэлээр зохион байгуулсан ажлууд, түүний үр дүн мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 тоот тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын “Хүн амын нэмэгдэлтийн хувь, төсвийн байгууллага, хуулийн этгээд тэдгээрийн салбар нэгжийн болон албан хаагчийн шилжилтийн хувь” шалгуур үзүүлэлтээр хэрхэн дүгнэгдсэн байдал зэргийг харгалзан хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн тавих ажээ. 

Холбоотой мэдээ