Хятадын энхийн санаачилга, талуудын байр суурь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-03-01 14:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос-Украины асуудлаар “идэвхгүй” байр суурь баримталсаар ирсэн Хятад улс зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш яг нэг жилийн дараа “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад чиглэсэн БНХАУ-ын байр суурь” гэсэн 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө НҮБ-д танилцуулсан нь олон улсын ажиглагчдын анхаарлын төвд байна.


Хятад улсын дэвшүүлсэн энхийн санаачилгын гол санаануудыг товчлон дурдваас:

...Хоёр тал дайны галыг зогсоож, шууд яриа хэлэлцээг сэргээх. Ингэхдээ талууд бие биеийнхээ бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой.

...Хүйтэн дайны үеийн сэтгэхүй, сэтгэлгээнээс салж, цэргийн эвслүүдийг өргөжүүлэхээс татгалзах. ““Аливаа улс орон бусад улсын  аюулгүй байдлыг хохироох замаар өөрийн аюулгүй байдлыг хангах оролдлогыг хийж болохгүй, эвсэл хоорондын сөргөлдөөний бодлогыг явуулж болохгүй” гэсэн санааг тусгажээ.

...Атомын цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах, энхийн зорилгоор ашиглаж буй цөмийн объектууд руу зэвсэгт халдлага үйлдэхгүй байх

...Цөмийн, химийн ба бактериологийн зэвсгийг хэрэглэх явдлыг гаргуулахгүй байх

...Нэг талын шинжтэй хоригуудыг цуцалж, үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн сүлжээнүүдийн тогтвортой байдлыг хангах

...Хүмүүнлэгийн гарцуудыг бий болгож, энгийн номхон иргэд ба олзлогдсон цэргийн албан хаагчдын эрхийг хамгаалах.


Хятадын энхийн төлөвлөгөөг НҮБ-д танилцуулахын өмнөхөн ХКН-ын Төв хорооны Гадаад хэрэг эрхэлсэн комиссын Тамгын газрын дарга Ван И Европын орнуудад айлчилж, Мюнхенийн олон улсын аюулгүй байдлын хуралд оролцсон байна. Үүний дараа ОХУ-д айлчилсан тэрбээр “Дайнд ялагч гэж үгүй. Яриа хэлэлцээний замаар аливаа бэрхшээлийг даван туулж чадна” хэмээн хэлжээ. Мөн энхийн төлөвлөгөөг танилцуулахын өмнөх өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болж, Украины нутгаас цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоолын төслөөр санал хураалт явуулахад БНХАУ түдгэлзсэн санал өгсөн билээ. 


Украин ба Барууны орнуудын байр суурь  

Харин АНУ, Европын Холбоо ба Украин улс Хятадын дэвшүүлсэн саналыг “хямралыг зохицуулах бодит төлөвлөгөө биш, ердөө байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл төдий зүйл” хэмээн үзэж байна. 


АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Нед Прайс мэдэгдэхдээ “Хятад улсын санал болгосон төлөвлөгөөнд бид итгэл муутай байна, уг санаачилга бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдэг итгэхгүй байна, учир нь нэг талаас тус улс Украины асуудалд төвийг сахисан байр суурьтай байгаа, нөгөө талаас Москваг дэмжиж байна” гэлээ. Үүний сацуу Хятадын топ дипломатч Ван И Москвад айлчилсныхаа дараа Киевт очоогүй гэдгийг дурдсан байна.  


Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг хэлэхдээ “Украинд халдан довтолсон явдлыг зэмлэн буруушаагаагүй Хятад улсад итгэх арга алга” гэжээ


Украины Ерөнхийлөгчийн зөвлөх М.Подоляк мэдэгдэхдээ “зөвхөн нэг талд ашигтай шийдлийг санал болгох нь зохимжгүй” гэсэн байна.


“Би үүнийг энхийн төлөвлөгөө гэж үзэхгүй байна. Гэхдээ дайны асуудалд Хятад улс анхаарлаа хандуулж, ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Харин цаад агуулга нь юу гэдэг нь өөр хэрэг” гэж Ерөнхийлөгч В.Зеленский хэлжээ.


Хятадын дэвшүүлсэн саналд шинэлэг зүйл огт алга, гэхдээ  энэ нь мөргөлдөөн даамжирснаар цөмийн зэвсэг хэрэглэх магадлал өсөж, эдийн засагт нь учрах саад бэрхшээлүүд нэмэгдсээр байгаад Хятадын тал ихээхэн санаа зовниж буйг харууллаа хэмээн ВВС агентлагийн тоймч дүгнэсэн байна.


Эдийн засгийн өсөлтийн хурдыг хадгалах нь Хятадын удирдагч Ши Жиньпиний хувьд хамгийн чухал зорилт бөгөөд тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд, коммунист намын ба түүний удирдагчдын нэр хүндийг улс орны дотоодод өндөр байлгахад нөлөөлөх гол хүчин зүйл мөн. Гэтэл цар тахал, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх уналт болон Орос-Украины дайны улмаас өнгөрсөн онд Хятадын эдийн засаг дөнгөж 3 хувиар өссөн нь сүүлийн хагас зуун жилд үзэгдээгүй доогуур үзүүлэлт юм.  


Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагааг Хятад улс буруушаахаас татгалзсан нь гол түншүүд болох АНУ, Европын Холбоотой тогтоосон худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй байна. 2022 онд Хятад улс ба АНУ, Европын Холбооны хооронд хийсэн худалдааны хэмжээ 1,6 их наяд долларт хүрсэн нь Хятад-Оросын худалдааны эргэлтээс даруй 8 дахин их тоо юм.


Дайн дэгдсэнээр Хятадын эрх баригчид гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлүүдийг эргэн харахад хүрчээ. НАТО-г дорно зүгт өргөжүүлсний улмаас дайн дэгдсэн, үүнд Вашингтон буруутай гэж Бээжин мэдэгдсэн боловч Орост тусламж үзүүлэх гэж яарахгүй байна. Нөгөө талаас, Оросын эсрэг хоригт Хятад улс албан ёсоор нэгдээгүй боловч Хятадын олон компани хоригийг мөрдөж байгаа гэх мэтчилэн.


Оросын байр суурь

“Украины хямралыг зохицуулах асуудлаар Хятад улсын дэвшүүлсэн төлөвлөгөөнд бид анхааралтай хандаж байна. Сөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлт нь анхаарал татах нь зүйн хэрэг. Харин нарийн нягт дүн шинжилгээ хийж, талуудын ашиг сонирхлыг харгалзан үзсэний үндсэн дээр нарийн ширийн зүйлүүдийг тодорхойлох ёстой” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдлээ.


БНХАУ-ын хувьд Орос ба Украины аль алинтай нь өргөн  харилцаатай учраас энхийн төлөвлөгөө нь үр дүнд хүрэх магадлал бий. Өмнө нь, Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган, Францын Ерөнхийлөгч Э. Макрон нар сөргөлдөгч талуудын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан боловч ажил хэрэг болоогүй билээ.


Ойрын үед Орос ба Хятадын төрийн тэргүүн нар уулзаж магадгүй байгаа бол Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко тун удахгүй Хятадад айлчлахаар болсон байна. Хэдийгээр барууныхан Хятадын санаачилгад итгэл муутай хандаж байгаа боловч 4 дүгээр сарын эхээр Францын Ерөнхийлөгч Э.Макрон, оны эхний хагаст багтан Европын Комиссын тэргүүн фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Ш.Мишель нар Бээжинд айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээллүүд цацагдсан нь Орос-Украины талаарх идэвхгүй ажиглагчийн байр сууринаасаа Хятад улс татгалзаж, уг асуудлаар дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэж эхэлснийг харуулж байна

Холбоотой мэдээ