“Tesla” шинэ үйлдвэрээ Мексикт байгуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-01 16:07:49

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Мексикийн Монтеррей хотод шинэ үйлдвэрээ байгуулахаар болсон талаар Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мягмар гарагт мэдэгдлээ.


“Tesla” тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн бүх ажиллагаандаа дахин боловсруулсан ус ашиглахыг зөвшөөрсөн гэдгийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглээд, тус компани лхагва гарагт болох Хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр шинэ үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулна хэмээн хэлсэн байна.


А.Обрадор “Tesla”-гийн гүйцэтгэх захирал Илон Масктай баасан, даваа гарагт утсаар ярьсан талаараа ярихдаа, И.Маск бидний дэвшүүлсэн асуудлуудыг ойлгон хүлээн авч, саналуудыг маань хүлээн зөвшөөрсөн гэлээ. Мексикийн төрийн тэргүүн мөн энэхүү үйлдвэр нь томоохон хөрөнгө оруулалт болж, олон ажлын байр шинээр бий болгоно гэдгийг онцолжээ.


Монтеррей хот нь АНУ-Мексикийн хилээс холгүй оршдог аж үйлдвэрийн хот бөгөөд “Tesla”-гийн шинэ үйлдвэр байгуулагдах магадлал өндөр газруудын тоонд багтсаар ирсэн байна. Тус компани нь одоогоор хилийн чанадад хоёр үйлдвэртэй бөгөөд Хятад, Германд байрладаг юм. 

Холбоотой мэдээ