Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 6.3 их наяд төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-06 07:07:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажил 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 их наяд төгрөг болжээ. Үүнээс 6.2 (98 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 124.4 (2 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.


Барилга угсралт, их засварын ажил 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оныхоос 1.7 (37.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 1.7 (37.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.7 (37.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 128 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 159.8 (55.5 хувь) тэрбум, гадаадтай хамтарсан байгууллагынх 47.2 тэрбум төгрөг болж, 1.9 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.


Барилга угсралт, их засварын ажлын 38.5 хувийг орон сууцны, 30.3 хувийг инженерийн барилга, байгууламж, 28.2 хувийг орон сууцны бус барилга, 3 хувийг их засвар эзэлж, өмнөх оныхоос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 2.8, инженерийн барилга, байгууламжийнх 1.4, их засварын ажил 0.3 нэгж хувиар өссөн бол, орон сууцны бус барилгынх 3.9 нэгж хувиар багаслаа. Орон сууцны бус барилгын ажил 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 304.8 (20.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд бусад орон сууцны бус барилгынх 178.2 (86.1 хувь) тэрбум, сургууль соёлын барилгын ажлын гүйцэтгэл 73.5 (21.9 хувь) тэрбум, худалдаа, үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэл 68 (54.1 хувь) тэрбум, эмнэлгийн барилгынх 12.2 (22.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин үйлдвэрийн барилгын ажлын гүйцэтгэл 27.1 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Улаанбаатар хотод 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь улсын дүнд 44.9 хувийг эзэлж, өмнөх оныхоос 2.3 нэгж хувиар нэмэгдлээ. Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр Дорноговь аймагт 1.3 их наяд, Өмнөговь аймагт 879.8 тэрбум, Орхон аймагт 165.7 тэрбум, Дархан-Уул аймагт 154.9 тэмбум төгрөг болж, энэ нь аймгуудын барилга угсралтын ажлын дүнд 41.3 хувийг эзэлж байна. Дорноговь аймагт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын барилгын, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхай, төмөр зам, автозамын ажлууд, Дархан-Уул аймагт автозамын, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн барилгын өргөтгөл, орон сууцны барилга зэрэг ажил эрчимтэй үргэлжилжээ.

Өнгөрсөн онд ашиглалтад оруулсан барилга угсралт, их засварын ажил 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 3.1 (2.11 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд, инженерийн барилга, байгууламж 2.1 (7.11 хувь) их наяд, орон сууцны барилга 497.4 (31.6 хувь) тэрбум, орон сууцны бус барилга 358.1 (53.5 хувь) тэрбум, их засвар 85.7 (79.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ